Цанын спортыг Зүүн бүсэд хөгжүүлэхийг зорьж байна

2017 оны 1 сарын 11

Сэтгүүлч:
Ч.Болорчулуун

Хэнтий аймгийн Биндэр суманд нэгдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд өвлийн спортын наадам амжилттай зохион байгуулагдлаа. Тус суманд жил бүр уламжлал болгон болдог тус наадмаар анх удаа гүйлтийн цанын “Чингис хаан цом”-ын нээлттэй тэмцээнийг зохион байгуулсан юм.  

Зүүн бүсэд цанын спортыг хөгжүүлэх, цанын спортын нэрэмжит “Чингис хаан цом”-ыг цаашид уламжлан болгон зохион байгуулахаар Биндэр сумын Засаг даргын Тамгын газар ивээн тэтгэгч байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Тус тэмцээнийг Биндэр сумын Засаг даргын Тамгын газар, Хилийн 0287 дугаар анги, “Өвлийн спортын хязгааргүй” клуб болон Монголын цанын холбоо хамтран ажиллаж, өвлийн спортын наадмыг өргөн цар хүрээтэй хийсэн юм. Нээлттэй явагдсан тус тэмцээнд Хэнтий аймгийн сумдаас гадна Төв, Дорнод, Булган, Орхон, Сүхбаатар аймгаас тамирчид өсвөр, залуучууд, насанд хүрэгчид болон ахмадын ангилалд өрсөлдсөн. Тэмцээнд нийт 80 гаруй тамирчид оролцсоны дунд цанын Үндэсний шигшээ багийн шилдэг тамирчид байсан юм.

Туршилтын журмаар явагдсан анхдугаар тэмцээнийг Монголын цанын холбооноос олон улсын түвшинд хүрсэн электрон цагийг ашиглажээ.

Энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар зорьж байгааг зохион байгуулагчид хэллээ. Цагаан нуурын мандал дээр болсон өвлийн спортын наадмыг олон байгууллага дэмжин ажилласаны дунд "Хангай" ХХК гурав, "Сайн залуус" ХХК хоёр, "Хязгааргүй" өвлийн спортын клубын тэргүүн С.Батсайхан нэг сая төгрөгийн хандив өгснөөс гадна ААН байгууллагуудаас 10-аад сая төгрөгний хандив өгсөнд Биндэр сумын Засаг даргын хамт олон хэлж байв.

Тэмцээний үеийн фото агшнаас хүргэж байна.  

 


Гүйлтийн цанын "Чингис хаан цом"-ын тэмцээний шилдэг тамирчнаар Ч.Отгонцэцэг шалгарсан. 2017.01.08 Хэнтий, Биндэр сум.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна