Обамагийн сүүлийн илгээлт

2017 оны 1 сарын 11

БАРАК ОБАМА: БИД АРДЧИЛЛАА ХАМГААЛЖ ЯВАХ ЁСТОЙ

Обама хэлсэн үгэндээ АНУ-ын ардчиллын талаар онцгойлон дурдлаа.

Ялалтаа анх тунхаглаж байсан Чикаго хотод Барак Обама ард түмэндээ хандан ерөнхийлөгчийн хувиар сүүлчийн удаа үгээ хэллээ. Ард түмэндээ хандсан эцсийн илгээлтдээ тэр ардчиллыг хамгаалахыг уриалсан юм. Найман жил өмнө их гүрний төрийн тэргүүнээр сонгогдсон тэр цаг мөчтэй харьцуулахад өнөөдрийн Америкийн Нэгдсэн улс эгээ л хэмжүүр бүрээр илүү сайхан, илүү хүчирхэг улс болсон гэж тэр тэмдэглэв. Гэхдээ “Үнэ цэнийг нь ухамсарлахгүй бол ардчиллын аюул тэр байх болно” хэмээн сануулав. АНУ-ын бүх давхаргынханд хандан бусдын үзэл бодлыг хүндэтгэн үзэхийг хүсээд, “Бид нэгнээ анхааран сонсох ёстой” гэв. Өнгөрсөн хугацааны ололт амжилтаа тэр “Бид хоёр алхам урагшилсан байхад үргэлж л нэг алхам ухарсан мэт санагддаг” хэмээн тодорхойлов.

АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама төрийн тэргүүний хувиар сүүлчийн илгээлт үгээ хэллээ.

Итгэл найдвар, өөрчлөлтийг уриалж, 2008 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон тэр АНУ-ын түүхэн дэх анхны өнгөт арьст төрийн тэргүүн билээ. Улиран сонгогдож, өнгөрсөн найман жилийн хугацаанд их гүрнийг удирдан залсан тэр тун удахгүй засаглалын эрхийг залгамжлагчдаа шилжүүлэх гэж байна. Түүний орыг залгахаар ард түмнээсээ сонгогдсон Дональд Трамп нэгдүгээр сарын 20-нд Капитол Хиллд ерөнхийлөгчийн тангараг өргөж, Цагаан ордонд төвхнөнө. Харин тэрбээр албан тушаалаа хүлээн авсан эхний өдрөө Обамагийн зарим шийдвэрийг цуцална гэж мэдэгдсэн юм.

Обама “Тийм ээ, бид чадсан. Тийм ээ, бид хийсэн. Тийм ээ, бид чадна” хэмээн илгээлтээ төгсгөжээ.

Барак Обама “Ерөнхийлөгч нарын хооронд засаглалын эрх тайван замаар шилжих үйл явц нь АНУ-ын ардчиллын мөн чанар байсаар ирсэн” гэдгийг онцлон тэмдэглэжээ. Тэрбээр хэдэн сарын өмнөөс илгээлтийн үгээ бэлтгэж, өнгөрсөн найман жилийн хугацаанд, сүүлийн бүрэн эрхийн хугацаанд хийж бүтээсэн ажил, ололт амжилт, алдаа дутагдал бүгдийг нь тунгаан цэгцлэхийн зэрэгцээ АНУ-ын бүх ард түмэнд, Трампыг дэмжигчдэд ч мөн хандсан гэдгийг Цагаан ордны албаны хүн хэлсэн байна.


ТҮҮНИЙ ХЭЛСЭН ОНЦЛОХ ҮГС

ОЛОЛТ, АМЖИЛТЫН ТАЛААР

-Хэрэв найман жилийн өмнө би авто үйлдвэрлэлийн салбарыг сэргээнэ, урьд хожид байгаагүй хэмжээнд ажлын байр шинээр бий болгоно, АНУ эдийн засгийн зогсонги байдлаас гарна гэж хэлсэн бол... Хэрэв би Кубын ард түмэнтэй шинэ харилцаа тогтооно, гал нээхгүйгээр Ираны цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсооно, 9/11-ний халдлагыг зохион байгуулсан гэмт этгээдийг зайлуулна гэж хэлсэн бол... Хэрэв би АНУ ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрнө, манай улсын өөр 20 сая иргэн эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадна гэж хэлсэн бол... Биднийг зорилгоо хэт өндөр үнэлсэн гэж бодох байсан биз.

МИШЕЛЬ ОБАМАГИЙН ТАЛААР

-Саут Сайдын охин Мишель Обама минь. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд чи миний эхнэр, хүүхдүүдийн минь ээж төдийгүй, миний хамгийн сайн найз минь байсан. Хэн ч шахаж шаардаагүй тэр үүрэг хариуцлагыг хүлээн авч, өөрийн хатуужил, нигүүсэл, өөрийн хэв маяг, хошин мэдрэмжээрээ гайхалтай гүйцэтгэсэн. Цагаан ордныг америк хүн бүрт хамаатай тийм л газар болгож чадсан.

Цагаан ордонд бус, Цагаан ордон хүртэлх бүх замын эхлэл байсан тэр цэгт төгсгөлөө хийх ёстой гэж үзсэн учраас Обама сүүлчийн илгээлтээ хийхээр Чикагог сонгожээ. Салхит хотод хүрэх аялал ерөнхийлөгчийн хувьд сүүлчийнх байсан бөгөөд Air Force One онгоцоор ниссэн 1292 дахь нислэг байжээ.

Чикаго хотын McCormick Place-д Обамагийн сүүлчийн илгээлтийг сонсохоор 20 мянга гаруй хүн цуглажээ. Яг энэ газарт Обама 2012 оны сонгуульд Митт Ромниг ялсны дараа ялалтаа тунхаглаж, үг хэлж байв.

Өнөөдрийн арга хэмжээнд ерөнхийлөгч Обама Тэргүүн хатагтай Мишель Обама, охины хамт ирсэн бөгөөд дэд ерөнхийлөгч Жо Байден эхнэр Жиллийн хамт мөн оролцсон юм. Тасалбарыг үнэ төлбөргүй тараасан боловч илгээлт эхлэхээс хэдэн цагийн өмнө цахим орчинд 1000 ам.долларын үнэ хүрсэн байна.

Ерөнхийлөгчийн эцсийн илгээлт АНУ-ын улс төрийн түүхэн дэх эртний уламжлал юм. Экс-ерөнхийлөгч Жорж Буш, Билл Клинтон, Рональд Реган, Жимми Картер гээд дийлэнх нь Цагаан ордноос, харин “Том” Буш Вэст-пойнт цэргийн академиас илгээлтээ хийж байлаа.

С.ЦЭЛМЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*