“Зэрэгцээ ертөнц” баримтат зургийн үзэсгэлэн нээгдлээ

2017 оны 1 сарын 11

Нэг шуудай нүүрс. Тэр зарим хүмүүсийн хувьд ад гай, утаа тортогийн үүр болж байхад харин зарим айлынх нь даарахгүйгээр өвөлжих амь тариа болж буй. Баян ядуугийн зааг ялгаа улам томорч , нийгмийн ороо бусгаа үзэгдэл ихсэх үед хамгийн өрөвдөлтэй, гэм буруугүй хохирогч нь хүүхэд болж хоцордог. Үүний төлөө төрүүлж өсгөсөн эцэг, эх, төр засаг аль аль нь огт хариуцлага хүлээхгүй байна гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу.

Мянган удаа хэлээд ойлгохгүй зүйлийг нэг зураг өгүүлэх нь бий, мянган удаа сонсоод ойлгоогүй зүйлээ өөрийн амьдралаар туулж байж ухаарах нь бас бий.

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг “Лантуун дохио” ТББ, “UB Art Gallery”, “Тусгал” гэрэл зургийн бүлгэм хамтран Монголын хүүхдүүдэд тулгарч буй хурц асуудлуудыг баримтат гэрэл зургаар илэрхийлж, тоо судлагаагаар нотлон, шийдэл гарцын хамт дэлгэхийг зорьжээ.

Үзүүлэн таниулах бус үйлдэл, үр дүн авчрах зорилготой үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо.

Залуус уг үзэсгэлэнгээрээ зөвхөн цахим ертөнцийн араас тэмцэх, уурлаж бухимдах бус бодит оролцоо, үр дүнтэй үйлдлүүдийг санал болгохыг олон нийтэд хандан уриалж байгаа юм.

“Зэрэгцээ ертөнц” үзэсгэлэнг “UB Art Gallery”-д нэгдүгээр сарын 17 хүртэл 11:00-19:00 цагийн хооронд сонирхох боломжтой.

Б.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна