Ардчилсан намын даргын сонгууль эхэлсэн эрчээрээ үргэлжилнэ

2017 оны 1 сарын 11

Ардчилсан нам 2016 оны 12 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд хийсэн VI их хурлаараа нээлттэй, оролцоотой, хариуцлагатай, цахим, бодлогын нам болох шинэчлэлийн эхлэл түүхэн шийдвэр гаргаж, энэ хүрээнд намын даргаа бүх гишүүдээрээ сонгохоор болж өнөөдөр намын даргын сунгаа хөдөө орон нутагт өрнөж байна. Намын даргын сонгуулийн хороог дээрх их хурлын төлөөлөгчдөөс бүрдсэн 30 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд тус хорооноос гаргасан Намын даргын сонгуулийг зохион байгуулах журманд зааснаар нэр дэвшигчид 2017 оны 1 дүгээр сарын 10-аар нэрээ татах эрх нь хаагдаж байна. Ардчилсан намын даргад нэр дэвшихээ илэрхийлэн, журмын дагуу материалаа бүрдүүлэн өгсөн нэр бүхий 5 нэр дэвшигч журманд заасан хугацаанд нэрээ татаагүй, цаашид өөр өөрийн шинэчлэлийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх өрсөлдөөнөө үргэлжлүүлж байна.

Нийт 30 удаагийн уулзалт хийх ёстойгоос өнөөдөр Архангай аймагт 15 дах уулзалтаа хийж байна. Уулзалтын үеэр бид өрсөлдөөнөөс нэр татах хугацаа дууссантай холбоотойгоор бусад өрсөлдөгчдийнхөө талаар ямар бодолтой байгаа талаар сонирхлоо.

Н.АЛТАНХУЯГ:БИД ТАВ МОНГОЛЫН УЛС ТӨРД ШИНЭ СОЁЛЫН ҮРИЙГ ТАРЬЖ ЯВАА

Бид тавуулаа намынхаа даргын сонгуульд нэр дэвшээд дуустал нь явахаар болсондоо баяртай байна. Би намын дарга байхдаа Д.Эрдэнэбат даргатай хамтран ажиллаж, ардчиллын таван ялалтын буухиаг авч явсан. Л.Гантөмөр, С.Эрдэнэ сайд хоёртой шинэчлэлийн Засгийн газарт бүтээж босгох, иргэдийнхээ урам зоригийг сэргээх, нийгмийн хамгаалал, боловсролын салбарт шинэчлэлүүдийг эхлүүлж чадсан. Одоо Ж.Батзандан гишүүнтэйгээ хамтраад Монголд бий болсон нам дамнасан бүлэглэлүүдийн эсрэг тууштай тэмцэж байгаа. Бид эвлэвэл бүтдэг гэдгийг харуулж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Намын даргаа бүх гишүүдээсээ сонгоно гэдэг бол Монголын улс төрд болж байгаа маш том шинэчлэл. Энэ шинэчлэлд өөрийн биеэр оролцоод явж байгаадаа маш их баяртай байна. Ингээд хамтдаа намаа шинэчлэхийн төлөө өрсөлдөж байгаа нэр дэвшигчиддээ амжилт хүсье. 

Д.ЭРДЭНЭБАТ: БИД ӨРСӨЛДӨГЧ БИШ ХАМТРАГЧИД

Нэрээ татах хугацаа дууссан. Олон хүмүүс хэн нэг нь нэрээ татах байх гэж янз бүрийн таамаг дэвшүүлж байсан. Бид тав өрсөлдөгч гэхээсээ илүү энэ намын шинэчлэлийн төлөө, эв нэгдлийн төлөө хамтарч яваа хүмүүс. Хэдийгээр энэ намын даргын сонгууль боловч Монголын ардчиллын хувь заяа, улс төрийн хувь заяатай холбоотой учраас бид тав тавуулаа энэ төрийн төлөө, намын төлөө ажиллаж байгаа хүмүүс шүү гэж ойлгох учиртай. Намын даргын сонгуулийн сунгаа талдаа орлоо. Үлдсэн 50 хувийг бид хамтдаа эв нэгдэлтэйгээр дуусгаж чадна гэдэгт итгэлтэй байна. 

Ж.БАТЗАНДАН: НЭРЭЭ ТАТДАГ, ГИШҮҮД ДЭМЖИГЧИДДЭЭ АМАЛСАН АМЛАЛТААСАА УХАРДАГ ХҮН БИДНИЙ ДУНД БАЙХГҮЙ

Өнөөдөр намын даргын сунгаа Архангай аймагт үргэлжилж байна. Нэр дэвшигчид эвтэй, аятай, харилцан бие биенээ хүндэтгэсэн, сайхан уулзалтуудыг хийж байгаа. Намын дотор болж байгаа, болохгүй байгаа асуудлуудаа ил тод нээлттэй ярилцаж, засах арга зам, шийдлүүдийг олж байна. Намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн нэр татах хугацаа дууссан. Анхнаасаа нэрээ татах бодолтой нэг ч хүн бидний дунд байгаагүй. Бидний таван нэр дэвшигчид дунд нэрээ татдаг, гишүүд дэмжигчиддээ амалсан амлалтаасаа ухардаг хүн байхгүй. Сонгууль шударга болж, намын гишүүд маань идэвхтэй оролцож зөв хүнээ сонгож чаднаа гэдэгт итгэлтэй байна. 

С.ЭРДЭНЭ: АСУУДЛЫГ ДОР ДОР НЬ ЯРИЛЦААД ХАРДЛАГА СЭРДЛЭГГҮЙ ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Үндэсний хэмжээний энэ том намыг авч явах өрсөлдөөнд оролцож байгаа хүн замын дундаас буцна гэж байхгүй. Намын даргын сонгуульд нэр дэвшиж байгаа бусад нөхдөө би өрсөлдөгч биш хамтрагч маань гэж харж байгаа. Хэн нь ч ялсан байлаа бид хамтдаа энэ намын шинэчлэлийн төлөө, шинэчлэлийн суурийг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллана. Сунгаа ид дундаа орж байна. Биднийг хагаралдуулах гэсэн оролдлого гарч байна. Гэхдээ бид тухайн асуудлын талаар дор бүрнээ ярилцаж, эвээ эрхэмлэж яваа. Буруу зөрүү мэдээлэлд эмзэглэлгүй, бие биедээ итгэж цаашид шударгаар өрсөлдөхийг бусад нэр дэвшигчдээсээ хүсье.

Л.ГАНТӨМӨР: БИД МОНГОЛОО ХӨГЖҮҮЛЭХ ӨӨР ӨӨРИЙН ГЭСЭН ХӨТӨЛБӨРТЭЙ

Нэр дэвшээд явж байгаа таван хүн тавуулаа цаашдаа Монголоо хөгжүүлэх өөр өөрийн гэсэн хөтөлбөртэй. Намын их хурлаас баталсан шинэчлэлийн хөтөлбөрийг өөр өөрийнхөө өнгө төрхөөр ажил хэрэг болгоно гэсэн зорилттой. Энэ зорилтоо биелүүлэхийн төлөө зүтгэж байгаад баяр хүргэе. Бидний дэвшүүлж байгаа хөтөлбөрийг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлж чадвал Монголын ардчилал урагшаа явна.

М.ГЭРЭЛТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна