39 багийн боксчид өрсөлдөж байна

ХХ зууны манлай, Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд нэгдүгээр сарын 10-15-ны өдрүүдэд болж байна.

Анх 28-хан насандаа Улсын шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдож байсан В.Батбаяр агсан бол Монголын боксын спортыг шинэ төвшинд хүргэж чадсан манай улсын боксын спортын шилдэг дасгалжуулагч байжээ. Тэрбээр 1972 оны Мюнхэний Зуны Олимпийн наадамд 48 кг-д өрсөлдөж, 1975 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм. Гавьяат дасгалжуулагч В.Батбаяр агсан богинохон хугацаанд тамирчин байсан бол дасгалжуулагч болоод илүү өндөр амжилт үзүүлжээ. Түүний шавь нараас Гавьяат тамирчин Н.Энхбат “Сөүл-1988” Зуны олимпоос хүрэл, ААШТ-нээс 1989 онд алт, 1987 онд мөнгөн медаль, Гавьяат тамирчин Н.Баярсайхан “Барселона-1992” Зуны олимпийн наадмаас хүрэл, ААШТ-нээс 1987 онд алт, 1989 онд алт, Гавьяат тамирчин Р.Отгонбаяр агсан 1982 оны ДАШТ-нээс мөнгө, ААШТ-нд 1980 онд алт, Азийн наадмаас 1978 онд хүрэл медаль тус тус хүртсэн юм.

2017 оны сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг ХХ зууны манлай, Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит болгон зохион байгуулж байна. Эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн тус тэмцээнд 39 байгууллагын нийт 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй найман жинд өрсөлдөж байгаа юм. Энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэн явагдах УАШТ-ий нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.

Монголын боксын зургаан тамирчин “Рио-2016” олимпийн наадамд оролцож, нэг хүрэл медальтай ирж, монгол түмнээ баярлуулсан. Риогийн рингэнд Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Х.Энх-Амар /52/, Э.Цэндбаатар /56/, Д.Отгондалай /60/, Б.Чинзориг /64/, Б.Түвшинбат /69/ нарын боксчид өрсөлдсөн юм. Тэднээс 60 кг-ын жинд Гавьяат тамирчин Доржнямбуугийн Отгондалай олимпийн хүрэл медальтан болсон.

“Токио 2020” олимпийн наадмын гараа болсон боксын насанд хүрэгчдийн УАШТ-ээс олон сорилтууд хүлээж байна. Насанд хүрэгчдийн тэмцээнд оролцогчдын насны хязгаар 18 байсныг 19 болгож нэмжээ. Энэ удаагийн тэмцээнийг олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ ОХУ-д суралцахаар явсан тул өнжжээ. Түүнчлэн Азийн аварга Э.Энхзориг, Б.Жавхлан, Т.Болортуул нар өнжихөөр болжээ.

Энэ удаагийн тэмцээнд 40 гаруй шүүгч ажиллаж байгаа бөгөөд оны өмнөхөн шүүгчийн шалгалт өгч, хоёр одтой шүүгч болсон Г.Бадрах хяналтын шатны шүүгчээр ажиллаж байна.

Монголын боксын холбооноос энэ жилийн УАШТ-д анх удаа хос ринг засаж, зэрэг тоглолт явуулж байгаа нь ихээхэн онцлог болж байгаа юм. Харин тус тэмцээнд түрүүлсэн тамирчин цаашид тив, дэлхийд улсаа төлөөлөн оролцох боломжтой болох аж.

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 15-ныг хүртэл өдөр бүр 14.00 цагаас Спортын төв ордны "А" зааланд болж байна.

Ч.БОЛОР, Ц.АРИУНБОЛД

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*