“Samsung”-ийн дэд захирлыг сэжигтнээр татав

2017 оны 1 сарын 11

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэгийн авлигын хэрэгт холбогдуулан “Samsung” группийн дэд тэргүүн И Жэ-юныг сэжигтнээр татаж, мэдүүлэг авахаар болсон байна. Тус компанийг бизнесийн ашиг сонирхлын төлөө ерөнхийлөгчийн дотны найз Чой Сун Шилд санхүүгийн тусламж үзүүлсэн хэрэгт буруутган, “Samsung”-ийн өв залгамжлагчид зарлан дуудах хуудас хүргүүлжээ.

И овогт одоо “Samsung Electronics” компанийн дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. Түүний аав, “Samsung” группийн ерөнхийлөгч И Кун-хи 2014 онд зүрхний шигдээс болж, улмаар биеийн байдал тааруу байгаа учир гэр бүлийн бизнесээ хүү нь удирдаж байгаа юм.

Мөрдөн байцаагчид Чой овогтын тэргүүлдэг сангийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор их хэмжээний мөнгө хандивласан “Samsung”-ийн үйлдэл нь цаанаа бизнесийн аливаа ашиг сонирхол агуулж байсан эсэхийг шалгах аж. Тодруулбал, Чой Сун Шил болон түүний охины хамтран эзэмшдэг компанид “Samsung” 3,1 сая ам.доллар өгч, хариуд нь Чой овогтоос гэрээний тал дээр дэмжлэг авсан гэж үзэж байгаа юм.

И Жэ-юн энэ асуудлаар парламентийн гишүүдэд тайлбар мэдүүлэг өгсөн, харин сэжигтнээр татаж буй нь анхны тохиолдол юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сард өгсөн мэдүүлэгтээ тэрбээр Чой Сун Шилийн тэргүүлдэг хоёр санд 20,4 тэрбум вон хандивласан нь үнэн, гэхдээ үүнд бизнесийн ашиг сонирхол байгаагүй гэсэн. Мөн морин спортоор хичээллэдэг, Чой овогтын охин Чун Юү-рагийн спортын амжилтыг дэмжих зорилгоор “Samsung” морь болоод мөнгөн тусламж үзүүлснээ хүлээн зөвшөөрч, ийм үйлдэл хийсэндээ харамсаж буйгаа илэрхийлсэн билээ.

И Жэ-юнаас гадна “Samsung”-ийн удирдах төвшний хоёр ч албан тушаалтан дээрх асуудлаар мэдүүлэг өгсөн юм. Гэхдээ тэднийг сэжигтнээр татаагүй, зөвхөн гэрчийн мэдүүлэг авчээ.

С.ЦЭЛМЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*