Монголдоо мөнгөө үлдээе


МОНГОЛ БЭЛЭГ СОНГОЖ, ЭДИЙН ЗАСГАА ТЭТГЭЕ

Сар шинийн баярын сургаар гадаад валютын ханш тэнгэрт хадаж, Эрээний наймаачдын хамар сөхөгддөг цаг ард хоцорчээ.

Цагаан сар хаяанд ирсэн хэдий ч энэ жил ам.долларын ханш өсөх биш буурч, монголчууд маань монгол бэлэг эрж сурч эхэлсэн нь олзуурхууштай. Эдийн засгийг тэтгэх гарц нь хандив тусламж биш дотоодын худалдан авалт байх магадлалтай.

Өнөөдөр Монгол Улсад 816 000 өрх айл бий. Нэг айл хамгийн багадаа сая төгрөгөөр сар шинийн баяраа тэмдэглэдэг гээд тооцвол чамгүй дүн гарна. Маш богино хугацаанд зах зээлд эргэлдэх энэ мөнгийг гадагш урсгах биш дотооддоо шингээхэд анхаарах цаг хэдийнээ болжээ. Худалдан авагчдын хувьд болж өгвөл монгол бараа бүтээгдэхүүнээ сонгох хүсэлтэй. Хүнс, өргөн хэрэглээний бараа төдийгүй хүмүүсийн гар цайлгах бэлэг авахдаа ч “Made in Mongolia” шошгыг чухалчлах болжээ. Харамсалтай нь монгол брэндийн бүтээгдэхүүний сонголт, үнэ ханшид хэрэглэгчдийн хүсэл, халаасны хэмжээтэй дүйцэхгүй байгаа нь үнэний хувьтай.

Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр цагаан сарын бэлгээ бэлтгэж буй хүмүүстэй цөөнгүй таарлаа. Гэвч тэдгээрийн цөөнгүй нь дэлгүүрээс гарахдаа үндэсний бус бэлэг сонгосон байх нь бий. Үүний шалтгааныг хамтдаа хайя. Нэгдүгээрт, монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, хоёрдугаарт үнэ ханш хямд биш. Ялангуяа эрчүүдэд өгөх бэлэг үнэндээ хомсхон. Жил бүр оймс өгсөөр байгаад “Янмал”-ын ивээн тэтгэгч болчихсон айл олон бий. Эрэгтэйчүүдэд хаягласан цамц, зангиа, түлхүүрийн оосор, нэрийн хуудасны сав, хэтэвч, тэлээ, даалин, бээлий, ороолт гээд тоочвол эр хүнд бэлэглэж болох монгол бүтээгдэхүүн бас байна. Мэдээж энэ бүгд хямд төсөр биш. Багадаа л 10 мянган төгрөгөөр үнэлэгдэх эдгээр бэлэг чанар, үзэмжээр бус өндөр үнэтэйгээс гэрийн эзэгтэй нарын сонголтод багтахгүй байгаа юм. Хүүхнүүдэд бол халгай шампунь, Анхилуун савангаас эхлээд шүр сувдаар хэлхсэн ээмэг, зүүлт, шанх, ноос ноолууран оймс, гидр гээд охид бүсгүйчүүдийн сонирхлыг татах бүтээгдэхүүн зөндөө бий. Гэвч бүх хүн монгол бүтээгдэхүүн, монгол бэлгийг сонгож авахгүй байгаа. Органик бүтээгдэхүүн гэдгээрээ олонд үнэлүүлсэн монгол бэлгийг сонгоё гэхнээ ижил төстэй импортын бүтээгдэхүүнээс багадаа 40-50 хувь, цаашлаад нуга дарсан үнээр худалдан авч байгааг арвич хямгач хүмүүс хэлж байна.  

Гэхдээ гарц бий. Хүмүүс хэрэглэж дадсан тун цөөхөн нэр төрлийн бүтээгдэхүүнээс сонголт хийдэг муу зуршилтай. Гэтэл та бидний анзаараагүй олон монгол бүтээгдэхүүнийг бэлэг болгон бие биедээ өгч болохоор байгаа юм. Санал болгох эхний бүтээгдэхүүн бол ном. Багачуудад бэлэглэх үлгэр туулиас эхлээд үндэсний онцлогийг харуулсан зүйр цэцэн үг, хэлц үг, ертөнцийн гурав, оньсого гэх мэт авсаархан эмхэтгэлүүд болон бор цаасан эко дэвтрийг  “Аз хур”-ынхан ердөө 1000 төгрөгт багтаан хэвлэжээ. Мөн хүүхдэд зориулсан цуврал номоо 2700 төгрөгөөр худалдаж байсан ч цагаан сард зориулан 1900-гаар худалдаж байлаа. Оюунлаг бэлгийн тоог нэмсэн бас нэгэн бүтээгдэхүүн бол оньсон болон хөлөгт тоглоомууд. Хятад хуванцраас хүүхдүүд харшиж, хордсоор байгаа өдгөө цагт  эсгий, шагай, малын яс ашиглан бүтээсэн сэтгэхүй хөгжүүлэх, гарын ур дүй суулгах үндэсний хэв маяг бүхий оньсон тоглоомыг сонгоход буруудахгүй.

"Алтан говь" шоколадны үйлдвэр л гэхэд бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж, бүрмэл жигнэмэг, үзэм, самартай үрэл, 4-5 төрлийн жимстэй чихэр зэргийг үйлдвэрлэн зах зээлд гаргажээ. Амт бол үнэндээ тасархай. Савлагаа, өнгө үзэмжийн хувьд ч Alpen Gold, Nestle, Mercy-гээс огтхон ч хоцроогүй Алтан говийг амтлаад үзээрэй.

Аавдаа, ахдаа идээний дээж болгон барьдаг архийг алт мэт харагдах гууль болон зэс аягаар орлуулаад үзвэл ямар вэ. Гууль, зэс аяга хэмжээнээсээ хамаараад 5-6 мянгаас эхлэн үнэлэгдэж буй. Архи авах дундаж үнэ 18-20 мянгад бол их болон дунд гарын аяга өлхөн авчихаж байгаа юм. Сайтар тунгааж, эрэл хайгуул хийвэл энэ мэт өвөрмөц бөгөөд үнэ ханш боломжийн монгол бүтээгдэхүүн байсаар байна. Харин хэрэглэгч та бид л монгол бүтээгдэхүүнээ эсгий шаахай, түлхүүрийн оосроор төсөөлөөд сурчихаж.



"МОНГОЛ БЭЛЭГ" АЯН
 

Чухам тиймээс манай News агентлаг “Монгол бэлэг” үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих 21 хоногийн зорилтот мэдээллийн аянаа алтан унжлагат гал Тахиа жилийн өмнө эхлүүлээд байгаа.

Үндэсний үйлдвэрлэгч компаниуд болоод хувь хүний  гар урлал, хийцийн бүх төрлийн бүтээгдэхүүн, монгол бэлэгний сонголтыг нийтлэлийн бодлогоор дэмжиж, сурталчилгааны уян хатан хувилбарыг санал болгон, хамтарч ажиллахын дээр уншигч та бүхэндээ “Монгол бэлэг сонгож, эдийн засгаа тэтгэх”-ийг уриалж байна.

Д.ЦЭЭПИЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна