”Хүүхэдтэй болохын тулд хосууд эрүүл байх ёстой”

2017 оны 2 сарын 11

Сүүлийн жилүүдэд охид бүсгүйчүүд үр хөндүүлэх нь ердийн үзэгдэл мэт болсон. Өсвөр насны охид ч жирэмслэх болж, тэд ихэнх нь тохиолдлоор, хүсээгүй үедээ жирэмсэлдэг. Өнгөрсөн 2016 оны байдлаар манай улсад 11334 эмэгтэй үр хөндүүлжээ. Тэдний 3,8 хувь буюу 431 нь 20 хүртэлх насны охид байсан байна. Тиймээс бид энэ удаа  “Гэр  бүл төлөвлөлт, үр хөндөлт  гэж  юу вэ,  гэр бүлээ зөв төлөвлөхийн тулд юуг анхаарах, цаашлаад үр хөндөлтөөс хэрхэн зайлсхийх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газар (НЭМГ)-ын Эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Октябрьтай ярилцлаа. 

-Сүүлийн үед  охид эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал бол үр хөндөлт. Үр хөндөлт нь аль насныханд зонхилж  байна?

-Ер нь бол охид анхны биений юм ирсэн тэр мөчөөс хойш жирэмслэх бэлтгэл хангагдаж байна гэсэн үг. Энэ маань биений юм ирсэн цагаас эхлээд бэлгийн харицаанд ор гэсэн үг биш шүү. Биений юм тогтвортой ирдэг болсон тэр цагаас эхлэн хэзээ ч хамаагүй бэлгийн хавьталд орсон тохиолдолд жирэмслэдэг гэдгийг охид бүсгүйчүүд ойлгох хэрэгтэй. Өсвөр насны охидын сарын тэмдэг 11-14 насанд нь ирдэг.  Ихэвчлэн  14-19 насныханы дунд хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт их байна.

-Хүсээгүй жирэмслэлт, гэр бүл төлөвлөлттэй салшгүй холбоотой. Харин залуу хосууд гэр бүл төлөвлөлтийг хэрхэн хийх ёстой юм бэ?  

-Эхнэр  нөхөр  хоёр хэзээ, хэдэн насандаа, хэдэн хүүхэдтэй болох вэ гэдгээ ярилцаж, хэлэлцэхийг гэр бүл төлөвлөлт гэж байгаа юм шүү дээ. Тэгэхээр айл болгоны амьдралын боломж, ажил төрлийн онцлогоос шалтгаалаад харилцан адилгүй. Хосууд өөрсдөө л шийддэг асуудал. Тогтсон нэг загвар байхгүй.

-Гэр бүлээ буруу төлөвлөсөнөөр ямар сөрөг үр дагавартай вэ?

-Сөрөг нөлөөлөл ихтэй. Наад зах нь эрүүл мэнд, бие физиологи, оюун санаагаараа хохирно. Хосуудын хамгийн гол  анхаарах зүйл бол гэр бүл төлөвлөлт юм. Мөн нөхөн үржихүйн талаар мэдлэгтэй байж хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх хэрэгтэй. Хүсээгүй жирэмслэлтээс үүдэн  үр хөндүүлэх нь гэр бүл салах гол хүчин зүйл болох нь ч бий. Түүнчлэн эмэгтэйчүүд үргүйдэх, умайн хүзүүний хорт хавдар, үрэвсэлт өвчин, бусад эмгэгүүдээр өвчлөх магадлал өндөр. Үүгээр зогсохгүй эрүүл мэндэд, амь насанд  аюул учрах  эрсдэлтэй юм.

-Богино хугацаанд үерхээд хүүхэд төрүүлсэн залуу хосуудын дунд салалт их байдаг.  Үүнийг гэр бүл төлөвлөлттэй холбон ойлгож болох уу?

-Тийм.  Тэдгээр хосуудын дунд  гардаг  нийтлэг алдааг дурдвал:

  •  Нэгдүгээрт: Гэр бүлээ буруу төлөвлөсөн
  • Хоёрдугаарт: Хувь хүн бие  бялдар, оюун санааныхаа хувьд амьдралд бэлтгэгдээгүй байгаа юм.

Тийм учраас залуучууд ямар хугацаанд үерхэж, хэзээ хүүхэдтэй болж, амьдрал зохиох вэ, өөрөө  өөрийгөө амьдралд яаж бэлдэх ёстой вэ гэх мэт зүйлд илүү их ач холбогдол өгөх хэрэгтэй. Хүүхэдтэй болохын тулд хосуудын аль аль нь эрүүл байх ёстой. Энэ бүхнийг шийдсэн цагт өөрсдийгөө амьдралд бэлтгэгдсэн гэж үзэх хэрэгтэй. 

-Эмэгтэйчүүдийн дунд жирэмслэлтээс сэргийлэх олон арга бий. Эдгээр аргуудаас ямар аргыг ихэвчлэн хэрэглэдэг вэ ?

-Жирэмслэлтээс хамгаалах механик, химийн, мэс заслын эмийн арга  гэх мэт олон аргууд байдаг. Хамгийн энгийн арга бол бэлгэвч хэрэглэх арга. Энэ аргыг их өргөн хэрэглэдэг. Мөн жирэмснээс  хамгаалах эм, тариаг ихэвчлэн хэрэглэж байна. 

-Жирэмслэлтээс хамгаалах эм, тариаг хэрэглэснээр бие организмд гарах сөрөг нөлөөлөл хэр их вэ? 

-Мэдээж  таарах, таарахгүйгээс үүдэн  гарах  сөрөг  үр дагавар бий. Эм, тариа нь өөрөө дааврын бэлдмэл юм. Тиймээс даавар хүний биед орж байгаа учраас дааврын тэнцвэрт байдал алдагдахад хүрдэг. Ингэснээр сарын тэмдэгийн мөчлөг алдагдахад хүрч цаашлаад сарын тэмдэг их хэмжээтэй ирэх гэх мэт хор хөнөөл  ихтэй. Тиймээс эмэгтэйчүүд жирэмснээс эм, тариаг хэрэглэж байх явцад бие организмд ямар нэгэн сөрөг үр дагавар илэрсэн  тохиолдолд жирэмслэлтээс хамгаалах  аргыг нэн даруй  таслан  зогсоох  нь зүйтэй.

-Эдгээр аргуудаас сонгон хэрэглэхийн өмнө эмэгтэйчүүд нэн түрүүнд юуг анхаарах ёстой вэ. Аль арга нь илүү аюул багатай вэ?

-Тодорхой хугацаанд жирэмслэлтээс сэргийлэх аргыг хэрэглэх гэж  байгаа бол бие эрхтэний хувьд эрүүл байх ёстой. Зайлшгүй шинжилгээнд хамрагдах. Үүний дараа өөрт тохирох зөв аргыг хэрэглэх хэрэгтэй.

-Хүсээгүй жирэмслэлтээс хэрхэн сэргийлэх вэ?

-Нөхөн үржихүйн талаар  мэдлэгтэй  байх. Түүнчлэн цаг хугацааг сайтар тооцож жирэмсэлэх, биеэ зөв авч  явах, тохиолдлоор жирэмслэхээс зайлсхийх л хэрэгтэй.

Б.ОЮУНЖАРГАЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна