Ялагдал ба З.Энхболд

2017 оны 2 сарын 12

Ардчилсан нам 2016 оны УИХ-ын сонгуулийн ялагдалдаа цэг тавьж, З.Энхболдыгоо чөлөөлж, шинэ даргаараа С.Эрдэнийг батламжиллаа.

Шинэ даргын хувьд одоо Ардчилсан намыг цоо шинэ болгох даалгавар дээр буулаа.

Шинэчлэлийн суурийг өмнөх дарга З.Энхболд нь тавьчихсан тул одоо С.Эрдэнийн хувьд гүйцээж чадах эсэх л хамгийн чухал юм.

2000 онд таван нам нэгдэн Ардчилсан намыг байгуулснаас хойш дүрэм нь шинэчлэгдээгүй.

Өнгөрсөн дөрвөн жилд намын дүрмийг өөрчлөх үйл явц өрнөсөн ч “Алтан гадас” фракц тэр дор нь нам дарсан байдаг. Дараа нь удирдлага өөрчлөгдөж, “Шонхор” фракцын тэргүүн З.Энхболдод намын тамга шилжихэд “Ардчилсан намыг фракцгүй болгоно” гэж зарласан ч фракц, бүлэглэлээсээ салж чадаагүй юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн бодлогын шинжтэй томоохон асуудлууд УИХ-д ирээд гацаж байсан нь өнөөх л фракц, бүлэглэлүүдтэй нь холбоотой. Үүнээсээ ч болж, Ардчилсан нам ялагдал хүлээсэн, З.Энхболд ч хатуу шүүмжийг олонтаа сонссон. Гэвч тэр ялагдлын бурууг С.Баярцогт нарт тохож байснаас биш өөртөө болон бүлэглэлд, тохож байсан удаагүй.

Харин өнөөдөр VII их хуралд оролцох үеэрээ “Ардчилсан намыг фракц, бүлэглэлийн барьцаанаас чөлөөлж чадлаа” гэж хэлсэн нь энэ намыг шинэчлэх үйл явцад гол тээг болж ирсэн “бул хар” чулуу үгүй болгов уу гэх найдлага төрүүлээд байна.

Явж буй хүнээр ачаа бүү татуул гэж үг байдаг ч З.Энхболд энэ намд шинэчлэлийг эхлүүлээд явлаа. Харин С.Эрдэнэ шинэчлэлийг хөрсөн дээр нь буулгаж, ажил хэрэг болгож чадах уу гэдгийг одоо харах л үлдлээ.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна