ЭМД-ын мөнгөө фитнесст ашигламаар байна

2017 оны 2 сарын 13

Ажил хийж, орлого олж байгаа бүхэн татвар төлөх ёстой, уг нь. Тэр дундаа нийгмийн  болоод эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг заавал төлж байх ёстой юм. Нэг ёсондоо албан журмын даатгал л даа.  Ямар нэг байгууллагад ажиллаж л байгаа бол нийгмийн даатгалын шимтгэл төлж, ирээдүйд тэтгэвэр авах нөөцөө залуудаа бүрдүүлэх хэрэгтэй. Ажил хийгээгүй байсан ч цалингийн доод хэмжээгээр ч болов хувиар төлж байвал хэрэгтэй шүү дээ. Насны эцэст хэрэгтэй. Гэвч манай улсад энэ систем тийм ч нарийн бүрэлдэж, тогтоогүй л байна.

Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчид гээд олон хүн нийгмийн даатгалын шимтгэл төлөхдөө маруухан байгаа. Зарим нь бүр огт төлдөггүй. Тэгвэл эрүүл мэндийн даатгалын шимтгэл бол ажил хийсэн ч, хийгээгүй ч ямар нэг аргаар заавал төлж байгаа. Тэгж байж өвдөж хавдахын цагт эмнэлэгт үзүүлэх эрхтэй болно шүү дээ.

Гэтэл 10 жил эрүүл мэндийн даатгалын шимтгэл өөрийнхөө халааснаас мөнгө гаргаж төлчихөөд, түүнийгээ нэг ч удаа ашиглаагүй хүмүүс зөндөө байна. Жил нь гол биш л дээ, зүгээр л энэ тоогоор жишээ авсан юм. 2, 3, цаашлаад 5, 6, түүнээс ч олон жил эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлчихөөд, эмнэлгийн тусламж үйлчилгээ огт аваагүй хүмүүс зөндөө л байна. Уг нь эрүүл мэндийн даатгалын шимтгэл  төлсөн иргэн бүр   сардаа 55 мянган төгрөгөөр үзлэг, оношлогоо, шинжилгээ өгөх эрхтэй байдаг. Ер нь бол эмнэлэгтэй холбоотой зүйлд л ашиглах эрхтэй байгаа юм. Гэвч энэ эрхээ ашиглалгүй олон жил явж байгаа хүмүүс байна. Өвдлөө гэхэд хувийн эмнэлэгт хэвтчихдэг.

Эсвэл эмнэлэгт хэвтэхээр хэмжээнд өвчин тусаагүй байж болно шүү дээ. Гэтэл тэд нэг жил сарын 55 мянган төгрөг ашиглах эрхээ эдлэхгүй байлаа гэж бодоход 660 мянган төгрөг хуримтлагдаж байна. Тиймээс энэ мөнгөө эмнэлэгт хэвтэх, үзүүлэх, оношлуулах, шинжилгээ өгөхөд ашиглаагүй хүмүүс нь арай өөр маягаар хэрэглэж байвал яасан юм бэ. Тухайлбал, фитнесст явахад ашиглая л даа. Дунд зэргийн, аятайхан тохижилттой фитнесс клубын сарын төлбөр 100 мянга байгаа.

Бүр 150, цаашлаад 300 хүртэл мянган төгрөгөөр нэг сар явуулдаг фитнесс ч байна л даа. Гэхдээ иргэд өөрсдийнхөө орлогод тааруулаад, сонгоод л явчихна. Гол нь төрөөс жилдээ ашиглаагүй 660 мянган төгрөгөө авчихдаг л байх хэрэгтэй байна. Тэгэхдээ зөвхөн фитнесст явах л зарчмаар шүү дээ. Эрүүл мэндийн яам нь аятайхан фитнесстэй гэрээ байгуулаад, тийшээ мөнгөө өгөөд ажиллаж болно. Эмнэлэгт хэвтээгүй, мөнгөө ашиглаагүй хүмүүс нь жилийн эцсээр фитнесст явахад түүнийг зарцуулна л гэсэн үг.

Иймэрхүү систем нэвтрүүлмээр байна. Түүнээс биш эмнэлэгт хэвт, оношлуул, шинжлүүл гээд хэдхэн төгрөг тавиад өгчихдөг. Тийм шаардлагагүй хүмүүс нь болохоор 55 мянгаараа хохироод л үлдээд байх хэрэг үү. Түүний оронд фитнесст явдаг бол аятай юу. Тэртэй тэргүй хотжилт явагдаад, хүмүүсийн хөдөлгөөн багасч, таргалалт ч ихэсч байна. Хүн биеийн жингээ хэвийн барина гэдэг эрүүл байхын нэг үндэс. Тарган мал тал бүрийн ашигтай, тарган хүн тал бүрийн өвчтэй гэдэг биз дээ. Тэгвэл эрүүл байх нэг үндэс болсон идэвхтэй хөдөлгөөн хүн бүрт хэрэгтэй байна. Үүндээ л эрүүл мэндийн даатгалд төлж байгаа мөнгөө ашиглая гэсэн хэрэг. Хүмүүс идэвхтэй хөдөлгөөнтэй байж, өвдөж хавдах нь бага байвал эмнэлгийн ачаалал ч бас буурна биз дээ. Тийм болохоор төр засгийнхан энэ тал дээр анхаарч, журам энэ тэр гаргана байгаа. Мөнгөө төл, сардаа тэдэн төгрөгөөр эмнэлэгт үзүүл гэдэг. Үзүүлэхгүй бол өөр зүйлд зарцуулчихдаг байж болохгүй биз дээ. Иргэн хүний мөнгийг “идэж” байгаагаас ялгаа юу байна, энэ чинь.

ЭХ СУРВАЛЖ: MMINFO.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна