АШУҮИС-ийн нэгдсэн эмнэлэгт дурангийн бүх хагалгааг хийх боломжтой боллоо

2017 оны 2 сарын 13

Өндөр хөгжилтэй, гадаадын улс оронд очиж эмчлүүлэх хүсэлтэй иргэдийн цуваа манай улсад тасралтгүй 10 гаруй жил үргэлжилж байна гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Энэ нь зовж шаналсан иргэд хамгийн сайн эмчид үзүүлж, хамгийн сайн эмчилгээг хийлгэж хурдан эдгэрч, хөл дээрээ босох гэсэн хүсэлтэй нь холбоотой. Үүнийг буруутгах ч аргагүй юм. Гэвч тэдний сайн хэмээн зорьж очсон эмнэлэг нь их сургуулийн эмнэлэг байдаг. Арга ч үгүй биз.

Учир нь олон улсад их сургуулийн нэгдсэн эмнэлгийг хамгийн сайн эмнэлэг гэж үздэг учраас тэр. Дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч, зорьж үйлчлүүлдэг их сургуулийн гэх тодотголтой эмнэлэг ч манай улсад байгуулагдаад олон жилийн нүүрийг үзэж буй. АШУҮИС-ийн нэгдсэн эмнэлэгт манай улсын болон гадаадын доктор профессор эмч нар ажилладгийг байнгын үйлчлүүлэгч нар нь андахгүй мэднэ. Тус эмнэлэг орчин үеийн техник, технологийг ашигладаг бөгөөд өнгөрсөн сард гэхэд Герман улсад үйлдвэрлэсэн FENCER III дурангийн аппаратыг шинээр суурилуулжээ.

Ингэснээр Монголд дурангийн ямар ч төрлийн хагалгааг хийх боломжтой болсон гэнэ. Энэ талаар тус эмнэлгийн мэс заслын ерөнхий эмч Пак Кван Тэ “Мэс засалд хэрэглэдэг дурангийн аппарат гэдэг яг л хүний нүдтэй адилхан. Нэг үгээр хэлбэл, мэс заслын эмчийн нүд нь болдог гэсэн үг. Тиймээс дурангийн аппарат маш чухал юм. Аппарат сайн байх тусам эмч сайн харж, хагалгааг аюулгүй амжилттай хийх боломж бүрддэг.

Манай эмнэлэгт суурилуулсан дурангийн шинэ аппаратын тусламжтайгаар Монголд хийх боломжгүй байсан дурангийн бүх л хагалгааг хийх боломжтой болсон” гэв. Эмч нарын чадвар сайн хэдий ч сүүлийн үеийн дэвшилтэт тоног, төхөөрөмж байхгүйн улмаас иргэд зарим хагалгааг БНСУ-д хийлгэх нь бий. Дурангийн аппаратын тусламжтайгаар хийдэг зарим хагалгааг ч сарын өмнөхөн манай улсад хийх боломжгүй байжээ. Тухайлбал, нойр булчирхай, дэлүү, бөөрний дээд булчирхай, бүдүүн гэдэс тайрах болон ходоодны зарим хагалгааг хийх боломжгүй тул БНСУ-ыг зорин өндөр үнэтэй хагалгаанд ордог байв. Тэгвэл энэхүү шинэ аппаратыг суурилуулснаар иргэдэд хэд хэдэн боломжийг нээж өгч байгаа гэнэ.

Гадаадын аль нэг улсад эмчилгээ хийлгэхэд ирж, очих онгоцны тийзнээс эхлээд зардал мөнгө их зарцуулдаг. Эмнэлгийн төлбөр, хагалгааны төлбөр, хоол, унд, эмний мөнгө гээд 100 гаруй сая төгрөг зарцуулах нь энүүхэнд. “Охин минь гадаадад зүрхний хагалгаанд яаралтай орох хэрэгтэй байна. Эмчилгээний зардалд 80 сая төгрөг шаардлагатай. Бидэнд туслаач” гэх мэдээллийг бид фэйсбүүк, твиттерээр олонтаа хардаг. Энэ мэтчилэн мөнгөтэй нэг нь холын орныг зорьж эмчилгээ хийлгэж, зарим нэг нь сайхан сэтгэлт хүмүүсийн тусламжтайгаар амьдралын төлөө тэмцэж байдаг. Харин мөнгөгүй нэг нь улсын болон хувийн эмнэлгээс ч эрүүл мэндийн үйлчилгээ авч чадалгүй хорвоог орхиж буй харамсалтай жишээ олон бий. Үүний дунд гадаадад дурангийн хагалгаанд орох шаардлагатай хүмүүс ч байсан байж магадгүй.

Харин одоо заавал гадаадын аль нэг улсыг зорин өндөр үнээр хагалгаанд оролгүй, эх орондоо хямд, боломжийн үнээр дурангийн бүх төрлийн хагалгааг хийлгэх боломжтой болжээ. Германд үйлдвэрлэсэн FENCER III дурангийн аппаратыг суурилуулснаас хойш хэд хэдэн хүндхэн хагалгааг тун амжилттай хийжээ. Манай сурвалжлах хэсгийг тус эмнэлэгт очих үед Пак Кван Тэ эмч дурангийн дөрвөн хагалгаатай байв.

Эдгээрийн дунд томоохон хагалгаа байсан нь Монголд өмнө нь хийгдэж байгаагүй шархны эвэрхийг дурангаар авах хагалгаа байсан юм. Энэ мэтчилэн хүнд хагалгааг эх орондоо хийлгэх боломжтой болжээ. Пак Кван Тэ эмч манай улсад 15 жил ажиллаж байгаа бөгөөд Монголд 1530, нийт 2500 орчим дурангийн хагалгааг гардан хийсэн туршлагатай эмч юм. Түүний талаар тус эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, профессор Д.Даваадорж хэлэхдээ “Манай сургуулийн эмнэлэгт ажиллаад гурван жил болж байна. Пак Кван Тэ эмч өмнө нь Ёнсэй эмнэлэгт ажиллаж байсан. Ер нь Монголд хэвлийн хөндийн дурангийн мэс заслыг хөгжүүлж, маш амжилттай хийж байсан.

Тэр туршлага нь манай сургуулийн эмнэлэгт хэрэглэгдэж байгаа юм. Пак Кван Тэ эмч хэвлийн хөндийн дурангийн мэс заслаар бүдүүн гэдэс тайрах, дэлүү тайрах, зарим нэг бөөрний дээд булчирхайн мэс заслыг хийж байгаа. Мөн бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор хүлээгдэж байгаа хүмүүсийн диализын ажилбар хийхэд гардаг гол асуудал нь асуудал байдаг.

Судасны асуудлыг шийдэхэд артерын шунтын хагалгааг маш санй хийдэг эмч байгаа юм. Ер нь Пак Кван Тэ эмч бол БНСУ-д их сургуулийн эмнэлэгт мэс заслын багшаар ажиллаж байсан. Өндөр хөгжсөн барууны орнуудын анагаахын салбарт хэрэглэдэг мэс заслын удирдамжийн дагуу маш сайн хагалгаа эмчилгээ хийж, сургалт, судалгаа хийдэг профессор юм. Пак Кван Тэ профессорыг дагалдаж манай хэд хэдэн залуу мэс засалч суралцаж байгаа. Тэд барууны мэс заслын эмчийн олгох дамжааны стандартын дагуу сургалт авч байна.

Пак Кван Тэ эмч мэс заслын хагалгаанаас гадна манай залуу эмч нарыг БНСУ-ын томоохон эмнэлгүүдтэй холбож өгч, мэс заслын эмчийн сургалтын дараах мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж өгч байгаа. Манай Монголын олон өвчтөнүүд Пак Кван Тэ эмчийг мэднэ. Тэр дундаа бөөрний эмгэгээр өвдсөн диализ хийлгэж байгаа хүмүүс маш сайн мэддэг. Учир нь Пак Кван Тэ эмчийн хийсэн судасны мэс заслууд нь хүндрэл өгдөггүй. Маш удаан тогтвортой байдаг” гэв. Пак Кван Тэ эмчийн Монголчуудын төлөө хийсэн бас нэг томоохон ажил нь FENCER III дурангийн аппаратыг тус эмнэлэгт авчирсан явдал ажээ.

Тэрбээр, FENCER III дурангийн аппаратыг суурилуулснаар Монголд хийх боломжгүй дурангийн хагалгааг хийж, иргэд илүү хямд зардлаар эх орондоо эмчилгээ хийлгэх болсон гэдгийг онцолсон юм. Хэрвээ Монголд хийлгэх боломжгүй дурангийн хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа бол АШУҮИС-ийн нэгдсэн эмнэлэгт хандах боломжтой аж. Ингэснээр та эх орондоо хямд зардлаар эмчилгээ авах юм байна. Энэ мэтчилэн Монголын анагаах ухааны салбарт ахиц дэвшил гарсаар байна. Иргэд дурангийн хагалгаа хийлгэхийн тулд заавал гадаадын улсыг зорих шаардлагагүй болсон гэдгийг энд дахин онцолъё. Мөн тус эмнэлэг “Эрт оношилж, эрүүл мэндээ хамгаалъя” аяны хүрээнд байгууллага, хувь хүнд зориулсан “Урьдчилан сэргийлэх үзлэг”-ийн багц шинжилгээндээ 20 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа юм байна.

ЭХ СУРВАЛЖ: MMINFO.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна