Ч.Ганхуяг: 1072 хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаална

2017 оны 2 сарын 13

Уул уурхайн эксперт Л.Наранбаатар, Эдийн засагч Ч.Ганхуяг, хуульч Б.Баяр нар өнөөдөр /2017.02.13/  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж, арга хэмжээ авахыг шаардлаа.  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хувийн хувьцааг иргэд эзэмшдэг.

Монгол Улсын иргэн бүр 1072 хувьцааг эзэмшдэг. Гэтэл 2011 оноос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхээ эдэлж, мэдээлэл авах, санал өгөх, хувийн өмчөө чөлөөтэй захиран зарцуулах эрх нь хаалттай байсаар ирсэн. Компанийн санхүү, эдийн засгийн үзүүлэлт, тайлан балансыг олон нийтэд нээлттэй мэдээлэх үүргээ хэрэгжүүлдэггүй, компанийн үйл ажиллагаа олон нийтэд ил биш байсаар ирсэн. Түүнээс гадна 1072 хувьцаа эзэмшигчдээс хэдэн хүн энэ мөнгөн хэлбэрээр авсан, хэдэн хүн нь хувьцаа эзэмшиж байна вэ гэдэг мэдээлэл одоо болтол тодорхойгүй байгаа гэдгийг онцолсон.  Тиймээс дээрх гурван төлөөлөгч хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газарт хандаж алдаа дутагдлаа арилгах, компанийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг хангах талаар тодорхой арга хэмжээ авахыг шаардаж, тодорхой акц зохион байгуулахаа мэдэгдлээ.

Уул уурхайн эксперт Л.Наранбаатарын хэлснээр “Эрдэнэс Таван Толгой” ХК нь 100 төгрөгийн орлого олохын тулд 136 төгрөгийн зардал гаргадаг. 2011 оноос хойш нийт 24,2 сая тонн сайн чанарын коксжих нүүрсийг сорчилж олборлон, экспортолсон ч хуримтлагдсан алдагдал нь 453 тэрбум төгрөг байна. Өр төлбөр нь 822 тэрбум төгрөгт хүрсэн байна. Яг энэ байдлаар үргэлжлүүлэн ажиллавал энэ уурхайн үр ашигтай олборлож болох нөөц нь найман жилийн дараа дампуурахад хүрнэ” гэдгийг онцлон хэлсэн юм.

Энэ арга хэмжээний хүрээнд хувьцаа эзэмшигч иргэн болон аж ахуй нэгжийг www.ard.mn сайтад цахимаар бүртгүүлж, эрх ашгаа хамгаалахад хамтран ажиллахыг хүслээ.

Ш.ОЧ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна