”Эрдэнэт” үйлдвэр ч үгүй болох эгзэгтэй байдал үүслээ

2017 оны 2 сарын 13

Оросуудаас салгаад ирсэн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшлээсээ ямар нэг шалтгаан гарган булаагаад авахад амархан л даа.

Харин гэрээ хэлцэл, авч ирэхэд хэцүү. МАХН-ын үед нэг хувийг оросуудаас салгаад ирсэн Ш.Отгонбилэгт Хөдөлмөрийн баатар цол олгож байсан түүхтэй.  МАН-ын зүгээс Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ард түмэндээ  авч өглөө  хэмээн шоудаж байна. Яг ард түмэндээ өгөх үү. Хувьцаа хэлбэрээр хөрөнгийн биржээр зарлаа  цөөхөн хэдэн эрхмүүд худалдаад авчихна.

Төрийн мэдэлд байхаар Ц.Нямдоржийн хүү Анхбаяр зэрэг нөхдүүд шахааны бизнес хийгээд салахгүй нь тодорхой. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь төрийн мэдэлд байхад албан тушаалтнууд шахаа хийгээд салдаггүй байв. Шахаа нь илрэх дөхөнгүүт Эрдэнэт үйлдвэрийн агуулахыг шатаачихдаг байлаа.  Дөрвөн жил тутамд шатдаг агуулах хоёр жилийн зайтай үнс нурам болоод байж мэдэх юм шүү.

Оросын хэвлэлүүд  “Монгол Улс коммунист нийгэм рүүгээ ухарлаа”, “Арбитрт очих болзлоо хангалаа” хэмээн бичиж байна. ОХУ-ын “Ростех” компани Засгийн газрыг олон улсын Арбитрын шүүхэд өгнө гэдгээ зарлачихлаа. УИХ-ын дарга Ц.Нямдорж “Арбитрын шүүхэд очихгүй байх гэж найдаж байна. Энэ асуудал чинь “Ростех”, Худалдаа хөгжлийн банк хоорондын асуудал” хэмээн айлдсан.

Өөрөөр хэлбэл “Рос тех” Худалдаа хөгжлийн банк л хоорондоо үзэлцэнэ биз, УИХ аваад ирсэн хойно булаасан”  гэсэн ялихгүй заль яваад байгаа юм. Арбитрын шүүх аж ахуйн нэгжүүдийн асуудал гэж үзэх үү. Худалдаа хөгжлийн банк Монгол Улстай хамааралгүй болсон уу. “Жаст” группын асуудал дээр  Эрдэнэт үйлдвэр Арбитр дээр унах нь тодорхой. Мэдээж гадны банкнаас зээл авахад баталгаа гаргасан Эрдэнэт үйлдвэр ялагдах нь ойлгомжтой болов уу.

“Хан ресрус”, “Жаст” гэсэн бэлээхэн жишээ байхад   гэрээ хэлцэлд оролцсон Засгийн газарт хамаагүй гэсэн Ц.Нямдоржид найдаад сууж болох уу. Худалдаа хөгжлийн банк Эрдэнэт үйлдвэрийн асуудал буцахад гуравдагч этгээдэд 49 хувийг санал болгоно гэсэн ноцтой заалт бий. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэр ОХУ  руу буцлаа гэхэд Казахстан, БНХАУ  дуудлага худалдаанд оролцох эрхээр хангагдана. Эрхэм гишүүд хэний эрх ашгийг хамгаалаад, үйлчлээд байна вэ.

Ямартаа ч Эрдэнэт үйлдвэрийг төрд авсан талаар Казахстан улсын хэвлэлүүд онцолж эхэлсэн. Тэгэхээр энэ асуудлаа хурдан шийдэхгүй бол Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн анхааруулсан шиг “Эрдэнэт үйлдвэргүй ч болох” эгзэгтэй байдал үүсээд байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Худалдаа хөгжлийн банкинд мөнгө төгрөг өгөхгүй” гэж мундаг мэдэгдсэн.

Энэ мэдэгдэл гадныханд цочир содон туссан байлаа. Дэлхийн томоохон хэвлэлүүд “Монгол Улс коммунист систем рүүгээ эргэн орлоо” гэх гол мессеж болчихлоо. Албан тушаалтны хариуцлагагүй ганц мэдэгдэл, шийдвэр улс орны нэр хүндэд арилгаж болзошгүй толбо үлдээдэг юм байна. Харин эрх мэдэлтэн, булаагч, коммунистуудаас хувийн хэвшлээ өмөөрдөг Ерөнхийлөгчтэй байгааг онцлон сайшаалаа даа. 

Т.ЭРДЭНЭ

ЭХ СУРВАЛЖ: ARDCHILAL.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна