“Эрдэнэт-Шинжлэх Ухаан Технологийн парк”-ын даргыг томилжээ

2017 оны 2 сарын 13

Орхон аймгийн Засаг даргын шийдвэрээр “Эрдэнэт-Шинжлэх Ухаан Технологийн парк”-ын даргаар Г.Энхбаяр томилогдсон байна. Г.Энхбаяр нь цахилгааны инженер мэргэжилтэй. Техникийн ухааны доктор, ОХУ, Украйн, БНХАУ-д мэргэжил дээшлүүлсэн боловсон хүчин юм. Тэрээр 2008 оноос 2017 оныг хүртэлх хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д цахилгааны засварчин, тохируулгын инженер, тохируулгын ахлах инженер, тэргүүлэх эрчим зүйчийн албыг хашсан аж. 

Эргэн сануулахад АИТХ-аас “Эрдэнэт-Шинжлэх Ухаан Технологийн парк” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот, үйлдвэрийн газрын ТУЗ-ийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тус парк нь орон нутагтаа шинжлэх ухаан, инноваци, үйлдвэрлэлийг хөгжүүлэх буюу эдгээрийн цогцолбор, сүлжээг бий болгох зорилготой. Мөн төр захиргааны байгууллагуудын бодлого, шийдвэрт шаардлагатай бүхий л чиглэлийн судалгааг дээрх дээрх байгууллага гаргах юм.

“Эрдэнэт-Шинжлэх ухаан технологийн парк”-ын ойрын зорилгод Орхон аймагт шинэ технологи нутагшуулж, шинээр бүтээж, инновацийг төлөвшүүлж, ажлын байр бий болгохоос гадна үйлдвэрлэл, үйлчилгээний цогцолбор байгуулах асуудал туссан байна. Ингэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд тулгуурлаж эцсийн бүтээгдэхүүнийг сайжруулахын тулд тасралтгүй судалгаа хийх аж. Мөн барилгын материал, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, металл судлал зэрэг чиглэлээр инновацийг төлөвшүүлэх ажил багтсан байна. Түүнчлэн ирээдүйд мэдээллийн технологи, электроник болон био технологийн чиглэлд анхаарч ажиллах гэнэ. 

ЭХ СУРВАЛЖ: WWW.ERDENET.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна