Жолооч та татвараа амралтын өдрөөр ч төлж болно

2017 оны 2 сарын 13

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хурааж эхэлсэнтэй холбогдуулан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн сард байгуулагдсан. Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн энэ жилийн албан татвар төлбөрийг хураах ажлын явцтай танилцав.

“Нийслэлийн Засаг даргын болон дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу ажилаж байна. Дүүргийн хэмжээнд албан татвар, төлбөрийн ажил нийт найман хувьтай явагдаж байгаа” хэмээн Татварын ерөнхий газрын Татварын орлогын тасгийн дарга Б.Энхтогтох хэллээ.

Тус дүүргээс нэгдүгээр сард татвар, төлбөрт хамрагдах 14 мянган тээврийн хэрэгсэл байгаагаас 6700 нь хамрагдсан байдалтай байна. Өнгөрсөн онд дүүргийн хэмжээнд нийт 88 мянга гаруй тээврийн хэрэгсэл эзэмшигчээс 60 мянган нь буюу 67.5 хувьтай хамрагдсан аж.

Нийслэлийн Татварын газрын НТТОТ-ийн дарга Д.Очирсүрэн “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараас 26.2 тэрбум, агаарын бохирдлын төлбөрөөс нэг тэрбум, авто зам ашигласны төлбөрөөс 11.5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 47 мянган тээврийн хэрэгсэл татвар төлбөрөө төлөөд байна. Иргэд, ААН-үүд сар шинийн баяраас өмнө татвар хураалтад идэвхтэй хамрагдаж, шинэ оноо өр төлбөргүй угтах хэрэгтэй” хэмээлээ.

Түүнчлэн ажлын хэсгээс авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөртөө идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Тус дүүргээс иргэдэд илүү ойр үйлчлэхийн тулд таван шар дахь Монгол хьюндай төвийн байранд нэмэлт салбар ажиллуулж эхэлсэн байна. Энэ салбар нь ажлын өдөр 09:00-20:00, бямба гаригт 09:30-17:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна