ХХБ-ны ажилтнууд сайн үйлсийн аяныг өрнүүлсээр байна

2017 оны 2 сарын 13

Нийгэмд бидний тус дэм, урмын үгс хэрэгтэй олон хүмүүс, айл өрх, хүүхдүүд байдаг. Худалдаа, хөгжлийн банкны ажилтнууд өөрсдийн санаачлагаар тэдгээр хүмүүст хүрч, бага ч болов тус хүргэх үүднээс жил бүр Сайн үйлсийн аян зохион байгуулдаг билээ. Энэ ажлын хүрээнд Малчдад туслах аяныг өнгөрсөн 7 хоногт өрнүүлсэн бол энэ удаад Төв аймгийн Батсүмбэр суманд байрладаг Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвөөр зочлон азай буурлуудаа хүндэтгэж, цагаан сарын тавгийн идээ, бусад шаардлагатай зүйлсийг бэлэглэж, ахмад настнуудаа бага ч болов баярлууллаа.

Худалдаа, хөгжлийн банкны ажилтнууд сайн үйлсийн аянаа үргэлжлүүлэн хамт олноо уриалж, өвлийн хүйтэнд ажил үүргээ үнэнчээр гүйцэтгэж байгаа Нийслэлийн хот тохижилт үйлчилгээний газрын "Шуурхай бүлэг"-ийн 200 гаруй ажилтанд халуун аарцаар үйлчилж, халуун сэтгэлийн өчүүхэн ч гэсэн дэм өгчээ.

Үүгээр ч зогсохгүй нэгэн залуу гэр бүлд сэтгэлийн дэм хайрлаж, амьдралд итгэх итгэл, урам зориг өгөхөөр зочиллоо. 21 настай өрхөө толгойлж буй залуу өөрийн 19 настай эхнэр, 2 настай хүү, 8 сартай охиноос гадна хадам ээж, эхнэрийнхээ 2 дүүг авч явдаг бөгөөд эхнэр болон охин нь хүнд өвчнөөр шаналж байгаа билээ. Тиймээс сэтгэлийн хандив цуглуулж, тус гэр бүлийн 1 сард хэрэглэх хоол хүнс, хүүхдүүдэд хэрэгтэй байгаа хичээлийн цүнх, бэлэг, мөнгөн хандив зэргийг өгсөн юм.

Та ч гэсэн өнөөдөр сайхан сэтгэлийн гараа сунгаж, ойр байгаа аз жаргал, инээд баяслаар дутаж яваа нэгэндээ бага ч болтугай баяр баясал бэлэглээрэй.