Трансжендер аавын түүх

2017 оны 2 сарын 13

Хүйсээ солиулж эрэгтэй болсон ч Эван Хемпел үргэлж жирэмсэлж, хэвлийдээ бойжиж буй хүүхдийнхээ зүрхний цохилтыг мэдрэхийг хүсдэг байж. Эрэгтэй хүн шиг болохын тулд 2003 оноос эхлэн тасралтгүй дааврын эмчилгээ хийлгэж байгаа ч тэр хүүхэд төрүүлэх хүслээ хэзээ ч гээгээгүй гэнэ. Донор эр бэлгийн эс ашиглан хэд хэдэн удаа зохиомлоор үр тогтоох ажилбар хийлгэсний эцэст тэр 2016 оны дөрөвдүгээр сард 35 насандаа хүүгээ төрүүлжээ.

Түүний тухай “Time” сэтгүүл анхлан мэдээлсэн юм.

Хөл хүнд байсан тухайгаа Эван Хемпел “Үнэхээр аз туршсан явдал байсан. Надад ямар мэдрэмж төрөх тухай төсөөлөлгүй байсан ч бие маань ийм гайхалтай зүйлийг бүтээж чадсан нь үнэхээр сайхан хэрэг” гэж ярьжээ.

Тэрбээр жирэмсэн болсон тухайгаа ажлынхаа Хүний нөөцийн менежерт дуулгахад баяртайгаар хүлээн авч, түүнд баяр хүргэсэн гэнэ.

Трансжендер хүн хүүхэд төрүүлэх нь сонин, сэтгүүлд мэдээлэх сонин содон үйл явдал биш, хүний амьдралд тохиох энгийн боловч баяртай зүйл гэдгийг тэр хэлжээ. Эван Хемпелийн охин дүү Жесси “Time” сэтгүүлд ажилладаг бөгөөд олон нийтийн хандлага, нийгмийн цөөнх болсон тэдгээр хүмүүсийг эергээр хүлээн авах сэдлийг илүү хүчтэй болгох үүднээс ахынхаа тухай нийтлэл бэлтгэж гаргасан гэнэ. Жирэмсэн байхдаа Эван “гүзээтэй эр” шиг л харагддаг байсан тул олон нийтийн, хөл хөдөлгөөн ихтэй газруудаар явахад заримдаа бэрхшээл гардаг байжээ. “Зарим нэг тал дээр хэцүү байсан. Гэхдээ би угаас анхаарлын төвд байх дургүй учраас надад харин ч аятайхан санагддаг байсан” гэж Эван ярьжээ.

Мөн тэрбээр эрэгтэй гэж бүртгүүлсэн тул жирэмсний элдэв төрлийн эмнэлгийн үзлэг, эрүүл мэндийн даатгалд хамрагдахад олон бэрхшээл тулгарчээ. Улмаар бүртгэлээ эмэгтэй гэж солиулахаас аргагүй болсон гэнэ.

“Даатгалын компаниас надад захиа ирүүлэхдээ ноён эсвэл хатагтай гэж бичилгүй зүгээр л Эван Хемпел танаа гэж бичсэн байдаг. Тэр яахав ээ, чухал зүйл биш” гэж тэр ярьжээ.

Хемпел одоо найз бүсгүйнхээ хамтаар хүүгээ өсгөж байгаа. Тэрбээр өөрөө хүүгээ хөхүүлдэг. Жирэмсэн болохын тулд хэсэг хугацаанд дааврын эмчилгээгээ зогсоосон тэр хүүгээ жаахан том болохоор нь тестостероны эмчилгээгээ үргэлжлүүлэх гэнэ. Тэр үед хөхний сүү ялгаруулахаа болих ажээ.

Эван болон түүний гэр бүлийнхэн одоо орчин цагийн ердийн л гэр бүлийн жишгээр амьдардаг аж.

С.ЦЭЛМЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна