Алдаа гаргасан эмчтэй хэн хариуцлага тооцох вэ?

2017 оны 2 сарын 15

Сэтгүүлч:
Д.Уламбаяр

Төрөх, үхэх хоёр адилхан гэдэг. Өвдсөн хүн болгонд эмч авралын бурхан шиг санагдах нь бий. Гэвч, зарим нэгний санамсар болгоомжгүй үйлдэл эмч нарын нэр хүндийг унагаасаар байна. Мэдээж, ямар ч эмч хүн гэмтээчихье, хохироочихъё гэж боддоггүй. Монголын эмч нар чадвар, мэдлэггүйдээ алдаа гаргадаг юм биш. Тэдний гаргадаг алдаа бол харилцаа, хандлага, ачааллаас үүддэг. Ялангуяа хөдөө, орон нутгийн эмч нарын харилцаа, хандлага бусдын амь нас, эрүүл мэндийг хохироож, эрэмдэг, зэрэмдэг болгож буйг анхааруулахад буруудахгүй болов уу.



БАРИМТ НЭГ: НЯРАЙГ ТҮЛЭЭД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГҮЙ ӨНГӨРӨВ
 

Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв /БОЭТ/-д өнгөрсөн есдүгээр сарын 23-ны өдөр И бүсгүй нярайлжээ. Өөрөөрөө төрөх боломжгүй учраас бүсгүйд Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн их эмч Д.Ганбат, хагалгааны сувилагч Ж.Бямбацэрэн кесар хагалгаа хийж, хүүхдийг нь төрүүлсэн байна.

Хагалгаа хийх үедээ эмч, сувилагч хоёр ажлын алдаа гаргаж дөнгөж төрсөн нярайн сүвээ буюу суганы доод хэсгийг халуун багажаар санамсаргүйгээр түлчихсэн аж. Тиймээс нярайн аав, ээж эмнэлгийнхэнд гомдол гаргаж, хүүгийнхээ түлэгдэлтийн зэргийг шүүх эмнэлгээр тогтоолгоход хөнгөн гэсэн шийдвэрийг гаргажээ.

Дөнгөж төрсөн нярайг түлсэн үеийн зураг 2016.09.23

Хүү томрох тусам арьс нь тэлж, түлэгдсэн хэсэг нь зовиуртай байх болжээ. 2017.02.14

Шүүх эмнэлгийн дүгнэлтээс болж хүүг нь түлсэн эмч, сувилагч хоёрт ямар ч хариуцлага хүлээлгэх боломжгүйд хүрснийг хүүгийн аав н.Хүрэлбаатар ярилаа. Аавынх нь ярьснаар тэд хүүгийнхээ өвчнийг намдаахаар түлэнхий тос болон эм, тарианд сая гаруй төгрөгийг зарцуулсан гэнэ. Тэд хүүг нь ийм болгосон Д.Ганбат эмч, Ж.Бямбацэрэн сувилагчийг шүүхэд өгөхөөр болтол тэд хуулийн байгууллагаар явахгүйгээр тохиролцох санал тавьжээ. Харамсалтай нь, эмч, сувилагч хоёр хэлсэн шигээ мөнгө өгөх нь бүү хэл уулзахгүй зугтаад байгаад хүүгийн ар гэрийнхэн гомдолтой явна.

Хүү томрох тусам арьс нь тэлж, түлэгдсэн хэсэг нь зовиуртай байх болжээ. Умарсан арьс нь таталддаг учраас хүү байнгын зовиуртай байдаг аж. Хүүг томрохоор арьс нөхөх хагалгааг хийхээс өөр боломжгүйг түлэнхийн эмч нар аав, ээжид нь хэлсэн байна.

Хэргийн мөрөөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төв/БОЭТ/-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Хүдэрчулуунтай холбогдоход “Удахгүй хохирлыг нь барагдуулахаа эмч Д.Ганбат, сувилагч Ж.Бямбацэрэн нар хэлсэн. Өнгөрсөн хугацаанд шүүх, цагдаа гээд хоёр талд гүйсэн. Санамсаргүй том алдаа гаргаснаа манай эмч, сувилагч нар хүлээн зөвшөөрсөн” гэв.


БАРИМТ ХОЁР: ДАХИАД Л ХАРИУЦЛАГААС МУЛТРАВ
 

Дараагийн хохирогч эмэгтэй тус эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн клиникт амаржсан. Бас л эмчийн буруугаас болж 6-8 сарын хугацаанд үтрээгээрээ ялгадсаа гаргахад хүрчээ.

Иргэн Ж харьяаллынхаа дагуу 2017 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр аймгийнхаа БОЭТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн клиникт өөрөөрөө төржээ. Төрөх явцад эмэгтэйн хярзан нь урагдсанаас эх баригч эмч н.Цэгмид оёдол тавьсан байна. Маргааш өглөө нь бүсгүйг эмч дуудаж байна гэхээр нь яваад очтол “Оёдол тавих явцад утас хавчуулагдсан тул задалж, дахин оёно” гэжээ. Ингээд Ж-д мэдээ алдуулагч хийгээд төрөлтийн үед урагдсан хярзанг нь дахин оёсон аж. Гэвч нэг хоногийн дараа эмч нь глизем тавихад нэг л сонин байсан гэнэ. Тэр даруйдаа н.Цэгмид эмчийг дуудаж үзүүлэхэд зөвлөх эмч нараасаа асуулаа. Оёдол нь задарсан байна. Нугасаар мэдээ алдуулж, дахин хагалгаа хийхээр болсноо хэлжээ. Харин ар гэрийнхэн нь нялх биетэй охиндоо дахин дахин мэдээ алдуулагч тариулж, хагалгаанд оруулах хүсэлгүйгээ хэлээд, хотод ирж үзүүлэхээр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-д ханджээ.

ЭХЭМҮТ-ийн эмч үзээд, бүсгүйн шулуун гэдсийг үтрээтэй нь холбон оёчихсон байсныг тайлбарласан гэнэ. Гэхдээ ойр, ойрхон мэдээ алдуулагчтай хагалгаанд орсон учраас 6-8 сарын дараа л дахин хагалгаа хийж боломжтойг анхааруулж, хэвтүүлж эмчлэхээр болсон байна. Тэр болтол бүсгүй үтрээгээрээ ялгадсаа гаргахаас аргагүй болсон гэж ар гэрийнхэн нь гомдоллон ярив.

Хэрэв н.Цэгмид эмч ажилдаа хариуцлагатай хандсан бол бүсгүй эрүүл мэндээрээ хохирохгүй байсан нь лав. Харин Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Хүдэрчулуун энэ асуудлыг төрөхийн хүндрэл гэж эмчийнхээ алдааг хаацайлсан тайлбар хийсэн юм.

Энэ мэт эмч, мэргэжилтнүүдийг санамсар болгоомжгүйн нэг алдаа бусдад ямар гай зовлонг авчирч буйг дээрх хоёр жишээнээс харж болохоор. Алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Гэхдээ харилцаа, хандлагаа өөрчлөөд, “уучлаарай” гээд хэлчих сэтгэл эмч, сувилагч нарт  уг нь байх ёстой.

“Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг. Ажилдаа үнэнч, чадварлаг, мэргэжилдээ хайртай олон олон эмч нар  хэн нэгний хайхрамжгүй алдаанаас болж давхар баалуулсаар байх уу?

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна