Аутизмыг эрт оношилж болно

2017 оны 2 сарын 16

Аутизмтэй хүүхдийг эрт оношилж болох талаарх судалгааны материалаа АНУ-ын эрдэмтэд Nature сэтгүүлд хэвлүүлжээ. Эрдэмтэд 148 хүүхдийг зургаан сартай, нэг ойтой, хоёр ойтойд нь томографийн шинжилгээ хийсэн бөгөөд энэ шинжилгээгээр тархины бусадтай харилцах хэсгийг хариуцдаг хэсгийн хальс томорсон хүүхдэд аутизм оношлогджээ. Энэ судалгаа нь аутизмтай хэмээн оношлогдох магадлалтай хүүхдүүдийг эмчлэх тохирсон аргыг олоход маш чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар 100 хүний нэгд аутизмийн шинж тэмдэг илэрдэг байна.

Аутизмыг хүүхдийн багад хийдэг улаан бурхан, салхин цэцэг зэрэг вакцинаас үүдэлтэй хэмээн тайлбарладаг хүмүүсийн үндэслэлийг энэхүү шинэ судалгаа няцааж байгаа юм. Эдгээр вакциныг аутизм илэрч оношлогддог насанд хийдэг нь ийм үндэслэл гарах шалтгаан байсан юм. Аутизмийн шинж тэмдэг хүүхэд хоёр нас хүрснээс хойш илэрдэг байна. Судалгааг хийсэн эрдэмтний нэг Жозеф Пайвен энэ судалгаа нь аутизмийг эмчлэх найдвар төрүүлж байгааг BBC агентлагийн сэтгүүлчид ярьсан байна. Гэхдээ Их Британийн аутизмын төвийн захирал Кэрол Пови энэ судалгаанд хэт найдах хэрэггүй гэж үзэж байгаа аж. Түүний хэлснээр туршилтаар тодорхойлсон шинж тэмдэг өөр шалтгаанаар ч бий болох магадлалтайг онцолсон байна. “Энэ туршилт аутизмтай хүүхэдтэй айлын дараагийн хүүхдүүд ийм шинжтэй эсэхийг илрүүлэхэд тус болохоос биш аутизмын бүхий л тохиолдлыг илрүүлж чадахгүй” гэж Кэрол Пови ярьжээ.

Аутизмын шалтгааны талаар одоо болтол эрдэмтэд нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй байгаа.

А.ТУЛГА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*