“Ажил, мэргэжлийн ангилал, жагсаалт”-ыг шинэчилнэ

2017 оны 2 сарын 16

Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран эрүүл мэндийн салбарын ажилтны “Ажил мэргэжлийн ангилал, жагсаалт”-ыг шинэчлэх асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яамны харьяа төв эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн төв, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн эрүүл мэндийн газрын хүний нөөцийн албаны дарга, мэргэжилтнүүд оролцлоо.

"Mонгол Улсын Үндэсний ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолт-08” (ҮАМАТ-08)-ыг шинэчлэн боловсруулж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар тушаалаар батлан мөрдөж байна. Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас баталсан Ажил, мэргэжлийн Стандарт Ангилал (ISCO-08)-ын үзэл баримтлал, суурь зарчим, бүтцийг авч боловсруулсан манай улсын “ҮАМАТ-08” нь 10 үндсэн бүлэгтэй, тэдгээр нь 43 дэд бүлэг, 153 бага бүлэг, 421 нэгж бүлгээс бүрдэх шаталсан бүтэцтэй юм.  Энэхүү ажил, мэргэжлийн ангиллыг хөдөлмөрийн зах зээл, цалин хөлсний судалгаа шинжилгээ хийх, боловсролын болон хүний нөөцийн хэрэгцээг судлах, тооцох, төлөвлөх, хүн амын хөдөлмөр эрхлэлт ба ажилгүй хүнийг ажил мэргэжил бүрээр бүртгэх, ажилд зуучлах, ажил, мэргэжлээр ангилсан мэдээллийг цуглуулах, боловсруулах, олон улстай харьцуулах, сургалтын үйл ажиллагаа эрхлэх, байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагаанд хэрэглэх, ажлын байрны үнэлгээ хийх зэрэгт хэрэглэж байна.

Эрүүл мэндийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/184 дүгээр тушаалаар Төгсөлтийн дараах үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн сургалтын чиглэл, индекс шинэчлэгдэн батлагдсан, түүнчлэн сүүлийн жилүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шинэ технологи эрчимтэй нэвтэрч, үүнийг даган шинэ мэргэжлүүд гарч байгаатай холбоотойгоор “ҮАМАТ-08”-д нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болсон. Эрүүл мэндийн салбарын ажилтны ажил, мэргэжлийн жагсаалтыг шинэчилснээр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.19 болон 3.3.11-т заасан эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлс, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох зорилтын хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлын байрны үнэлгээг хийх суурь тавигдах юм.

Эх сурвалж: ЭМЯ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна