Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулна

2017 оны 2 сарын 16

Зоонозын өвчин судлалын төвүүдийн удирдах ажилтны “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт зөвлөгөөн болж байна. Уг зөвлөгөөнөөр 2016 оны хэрэгжүүлсэн ажил,үр дүн 2017 онд хийх ажлынхаа талаар хэлэлцэн зөвлөлдөж байна. Зөвлөгөөнийг ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нээж, хэлэхдээ тус салбарын онцлог, Эрүүл мэндийн салбарт гүйцэтгэж буй үүргийг ЭМЯ  өндөр үнэлдэг тухай хэлээд эрүүл мэндийн ажилчид байнгын эрсдэлд үйл ажиллагаагаа явуулдаг, ялангуяа зоонозын салбарынхан өндөр эрсдэлтэй орчинд ажилладгийг онцлон тэмдэглэлээ. Иймээс ЭМЯ юуны өмнө салбарынхныхаа ажилчдын эрүүл мэндэд онцгой анхаарч тэднийг эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөл боломжийг хангах тал дээр онцгойлон анхаарна гэж хэллээ.Мөн салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах нөөцийн бэлэн байдлыг хангах, эмч мэргэжилтнийг сургах, барилгын нөхцөлийг сайжруулах, автомашинаар хангах асуудлыг эн тэргүүнд шийдэх арга хэмжээ авах болно гэлээ.

Энэ жилийн зөвлөгөөний хувьд харьяа 15 ЗӨСТ-ийн  дарга, мэргэжилтнүүдээс гадна Дорнод, Сүхбаатар, Булган, Дорноговь, Говьсүмбэр зэрэг зоонозын өвчин судлалын төвгүй  аймгуудын эрүүл мэндийн газрын халдвар судлагч эмч зэрэг 45 мэргэжилтэн оролцож байгаагаараа онцлогтой юм. Өөр нэгэн онцлог нь энэ онд УИХ-ын 2017 оны 01 сарын 11-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнийг хянах сэргийлэх үндэсний хөтөлбөр, ДЭМБ-ын Ази номхон далайн баруун эргийн бүсийн 2015-2020 онд хэрэгжүүлэх шинэ болон сэргэн тархаж буй  халдварт өвчинтэй тэмцэх APSED III хөтөлбөр батлагдсаны дараахан болж байгаагаараа онцлог зөвлөгөөн болж байна. Иймээс тус хөтөлбөрүүдийг Монгол орны түвшинд хэрхэн хэрэгжүүлэх, салбар дундын хамтын оролцоог хэрхэн хангаж ажиллах, иргэд, аж ахуй нэгжүүд халдварт өвчнөөс сэргийлэхэд ямар үүрэгтэй оролцох зэрэг асуудлуудыг  хэлэлцэж байна. Төвийн зүгээс Санхүүгийн удирдлага, шилэн дансны хэрэглээ, Мэргэжилтэн бэлтгэх мэргэшүүлэх сургалтын чиг хандлаг, Ёс зүй харилцаа, хандлага, Байгууллагын соёл, үнэт зүйлс, Амжилтанд хүрэхийн нууц, удирдлагын манлайлал, зэрэг сэдвээр шилдэг лекторуудыг урьж лекц уншуулах юм. Мөн ЗӨСТ-үүдийн 2016 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр системийн аварга байгууллагаа шалгаруулан урамшуулахын зэрэгцээ тэргүүн туршлагуудыг түгээн нэвтрүүлэх зорилгоор тэргүүн туршлагын үзэсгэлэн гаргасан нь маш үр дүнтэй ажил боллоо гэж оролцогчид сэтгэл өндөр байна. Зөвлөгөөн 02 сарын 17-нд үргэлжлэх болно.

Эх сурвалж: ЭМЯ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна