Эрх баригчид эрх мэдлээ “алдах” уу?

2017 оны 2 сарын 17

Сэтгүүлч:
Ж.Нямсүрэн

-МАН эрх барих дөрвөн жилийн хугацаандаа санхүү, төсөв мөнгөний бүх эрх мэдлээ ОУВС-д өгч магадгүй байна-

Намрын чуулган завсарласан хэдий ч УИХ дахь МАН-ын бүлэг Пүрэв гаригт ээлжит бусаар зургаан цаг гаруй хуралдсаны эцэст ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах "зөвшөөрлийг" Засгийн газарт олгожээ. Ингэхдээ тус сангаас тавьж буй болзол, нөхцөлүүдийг уян хатан болгоход анхаарахыг олонх зөвлөсөн гэх. Үүний өмнө Даваа гаригт УИХ-ын төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар ОУВС-гийн шаардлагыг Монголын Засгийн газар заавал биелүүлэх ёстой гэж хэвлэлийнхэнд мэдэгдэв. Ингэснээр Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь хэзээ мөдгүй болж байна. Өнгөрсөн намраас Вашигтон-Улаанбаатарын хооронд эхлүүлсэн ОУВС болон Монголын Засгийн хэлэлцээ бүтэлгүйтэх магадлалтай гэсэн дам яриа Төрийн ордноос сонсогдож байсан юм.

Гэхдээ “Хоёрдугаар сарын дундуур гэхэд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах болов уу” гэж эдийн засагт үүсгэсэн мэдээллийг шинэ оны өмнө хийж байсан Сангийн сайдын таамаглал тийм ч хол зөрсөнгүй.

ОУВС-ГИЙН ХӨТӨЛБӨР 3-4 ЖИЛ ХЭРЭГЖИНЭ

ОУВС нь мөнгө болон валютын зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилготой дэлхийн 180 гаруй гишүүн орнуудтай байгууллага аж. Дэлхийн банктай хамтран олон улсын мөнгөний бодлогын горим, ерөнхий дүрмийг тогтоодог. Сангийн зүгээс валютын тогтвортой байдлын талаар улс орнуудад зөвлөгөө өгч, хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж, төлбөрийн тэнцэл алдагдалтай орнуудад зээл олгодог.

ОУВС-гийн зээлд  хамрагдсан улс орнууд

  1. Төлбөрийн балансын тэнцлийг хангах

  2. ДНБ-д эзлэх төсвийн алдагдлыг бууруулах

  3. Нийгмийн халамжийг танах

  4. Мөнгөний хатуу бодлогыг хэрэгжүүлэх

  5. Зээлийг хумих гэсэн гол таван шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. 

Нэг үгээр хэлбэл, эдгээр шаардлагуудыг биелүүлнэ гэвэл Монголын төрийн бодлого, төсөв, банк, санхүү, нийгмийн халамж үйлчилгээ, эдийн засгийг тэд бүхэлд нь хянана гэсэн үг.

Монгол Улс яагаад ОУВС-гийн зээлд хамрагдах шаардлагатай болсон хоёр гол шалтгаан нь нэгдүгээрт манайд орж ирэх мөнгөн урсгал татарсан. Хоёрт, төлбөрийн тэнцлийн алдагдал өнгөрсөн оны эцэст 18.2 сая ам.долларт хүрсэн явдал.

ТИЙМЭЭС Ж.ЭРДЭНЭБАТЫН ЗАСАГ ОУВС-ГИЙН ТАВЬСАН ХАТУУ НӨХЦӨЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРВӨЛ ЭХНИЙ ЭЭЛЖИНД 450 САЯ ДОЛЛАР МОНГОЛБАНКНЫ ДАНСАНД ОРЖ ИРЭХ ЮМ.  ҮҮНИЙ ХАРИУД 2.4 ИХ НАЯДЫН АЛДАГДАЛТАЙ БАТАЛСАН ТӨСВӨӨ УИХ ТАНАЖ, ТОДОТГОЛ ХИЙХ Ч ШААРДЛАГАТАЙ БОЛНО.

Хоёр жилийн өмнө Ч.Сайханбилэг  Ерөнхий сайд болохдоо “Стэнд бай” хөтөлбөрийг авах эсэх асуудлаар ард түмний санал асуулгыг авч байсан билээ. Хэдийгээр ард түмэн нэгдүгээр замыг сонгосон ч, Тавантолгойг тойрсон улс төрийн зодооноос болж Монгол моментоо нэгэнтээ алдчихаад байгаа юм. Тэр утгаараа Монгол олон, олон муугаас арай дээрийг нь сонгохоос өөр сонголт үлдсэнгүй. ОУВС-гаас Монголын Засгийн газарт хамгийн хүнд нөхцөлтэй, 3-4 жилийн хугацаатайгаар “Extended fund facility” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болзол тавьж буй. Энэ тохиолдолд МАН эрх барих хугацаандаа санхүү, төсөв мөнгөний бүх эрх мэдлээ ОУВС-д өгнө гэсэн үг. Болзол, нөхцөл нь хүнд ч эдийн засгийн моделио бодвол ОУВС-гийн хөтөлбөр Монголд хэрэгтэй. Хэт үрэлгэн төсвийг танахад “өвдөлт” мэдрэгдэх нь гарцаагүй. Өвчнийг эмчлэхэд  өвчтөн өвдөлт мэдэрдэгтээ яг адилхан. Учир нь эдийн засаг өөрөө амьд организм. Яг л хүн шиг.

НАМЫН ЭРХ АШИГ УУ, ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ АШИГ УУ?

АНУ-ын Вашингтон хотноо өнгөрсөн оны есдүгээр сард эхэлсэн ОУВС-тай хийж буй хэлэлцээрийн дагуу тус сангийн төлөөлөгчид Монголд гурав дахь удаагаа ирж, ажиллаж байгаа. Талууд тохиролцоонд хүрч чадахгүй, хэлэлцээ удааширсан шалтгаан нь ОУВС-гаас тавьж буй нөхцөл, болзлуудыг олонхын бүлэгт эсэргүүцэх гишүүн цөөнгүй байснаас болжээ.

ОУВС-ГИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР ТӨСӨВ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ, МӨНГӨ БОСГОХ, ЗЭЭЛ ГАРГАХ, АВАХ БҮХ ЭРХЭЭ АЛДАХ ТУЛ ЭРХ БАРИГЧДЫН ДУНД ЭНЭ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХЫГ ДЭМЖИХГҮЙ ГИШҮҮД Д.ДАМБА-ОЧИРООС ЭХЛЭЭД ЦӨӨНГҮЙ БАЙНА. ХЭРЭВ МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР ОУВС-ГИЙН ТУЛГАН ШААРДАЛТЫГ ХҮЛЭЭЖ АВБАЛ МАН-ЫН СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИХГҮЙ ГЭЖ ТЭД ҮЗЭЖ БУЙ АЖ.

Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ажилгүйдлийг бууруулж, цалин урамшуулал, тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ, ээж, хүүхдүүдэ мөнгө өгнө гэдгээ МАН амласан. Гэвч, улайсан данс хүлээж авсны хувьд улсаа хурдан, түргэн хямралаас гаргах нь эрх баригчдын толгойны өвчин болсон.

Хэрэвзээ ОУВС-гийн дэмжлэгийг авбал зээл олголтыг хумих, татварын шаталсан тогтолцоог бий болгох, зарим татваруудыг нэмэх, төсвийн үрэлгэн байдлыг танах шаардлага гарна.  Ийм шалтгаанаар 2020 оны сонгуулиар амласнаа ажил болгоогүй гэж МАН ялагдахад хүрэх бий гэж олонхын бүлгийн цөөнгүй гишүүн болгоомжилж буйгаа нуусангүй. Гэхдээ намын эрх ашиг нэгд үү, улс орны эдийн засгийн эрх ашиг нэгд үү гэдгээ сонгох МАН-ынханд төвөгтэй байгаа ч тэдэнд үүнээс дээр хувилбар  үнэндээ үзээд өгье гэхнээ алга байна шүү дээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна