Зэс: Тэдэнд муу, бидэнд сайн мэдээ

2017 оны 2 сарын 17

-Лондонгийн металлын бирж дээр тонн нь 6079 ам.доллар хүрч өсөөд байна. Энэ зөрөө удаан хадгалагдаасай гэж эрх баригчид залбирах хэрэгтэй болоод байна-

Сонгуулиас хойш сайн мэдээ дуулгаагүй “Эрдэнэт”-тэй холбоотой сайн мэдээ дуулдлаа. Энэ нь зэсийн үнэ өссөн мэдээ юм. Энэ бол үнэхээр сайн мэдээ. Учир нь энэ оны төсөвт “Эрдэнэт”-ийн зэсийн дэлхийн зах зээлд борлуулах үнийг нэг тонныг 4800 ам.доллараар тооцсон юм. Харин өчигдрийн /2017.02.16/ байдлаар Лондонгийн металлын бирж дээр тонн нь 6079 ам.доллар хүрч өсөөд байна. Энэ зөрөө удаан хадгалагдаасай гэж эрх баригчид залбирах хэрэгтэй болоод байна.

Өнгөрсөн жилийн хувьд зэсийн бага хэмжээгээр, гэхдээ тогтвортой өссөн. Гэхдээ өнөөдрийн энэ хэмжээнд хүрнэ гэсэн зоримог тооцоог шинжээчид хийгээгүй юм. Яагаад зэсийн үнэ өсөв? Үүнд, гэнэтийн гэж хэлж болох шалтгаан нөлөөлсөн нь дэлхийн томоохон нийлүүлэгч болох Чилийн хойд хэсгийн Escondida уурхай түр хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоосон, мөн Индонезийн Grasberg уурхайн олборлолтыг хүчин чадлынх 40 хувь хүртэл бууруулахаар шийдсэн явдал юм.

Уул уурхайн магнат Австралийн BHP Billiton-ий олборлолт явуулдаг энэ уурхайн ажилчид ажил хаяхаа мэдэгдсэн бөгөөд үүний эсрэг компани уурхайн олборлолтоо өнгөрсөн долоо хоногийн Мягмар гаригаас түр зогсоох шийдвэр гаргаад байна. Уурхайн ажилчдын Үйлдвэрчний эвлэл өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гариг буюу хоёрдугаар сарын 9-ний өдөр ажил хаяхаар төлөвлөж байсан юм. Уурхайн үйл ажиллагааг түр зогсоосний маргааш өдрөөс зэсийн зах зээлийн үнэ өсч, нэг тонн нь 5895 ам.доллар хүрч эхэлсэн. Чухал хэрэгцээь шаардлагатай 80 орчим ажилчин л ажиллаж байгаа хэмээн Escondida уурхайн дарга Марсело Кастильо өнгөрсөн долоо хоногт Ройтерсийн сэтгүүлчид ярьжээ.

Чилийн уурхайчид цалинг долоон хувиар нэмэгдүүлэх, мөн урашгууллыг 25 сая чили песо болгон нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа бөгөөд компанийн удирдлага үүнийг хүлээн авахгүй бодолтой байгаа ажээ.

“GOLDMAN SACHS”-ИЙН ШИНЖЭЭЧИД ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ХАГАСДАА ЗЭСИЙН ҮНЭ 6200 АМ.ДОЛЛАР ХАВЬЦАА БАЙНА ГЭЖ ТААМАГЛАЖ БАЙГАА Ч ХЭРВЭЭ ЧИЛИЙН УУРХАЙН ОЛБОРЛОЛТ ЭХЛЭХГҮЙ УДВАЛ ЗЭСИЙН ЭРЭЛТ НЭМЭГДЭЖ, ҮНЭ ЦААШ ӨСӨХИЙГ ҮГҮЙСГЭХГҮЙ БАЙНА.

Индонезийн Grasberg уурхайд АНУ-ын Freeport-McMoRan компани олборлолт хийдэг бөгөөд энэ нь дэлхийн зэсийн хоёр дахь том нийлүүлэгч юм. Уурхайн агуулахууд олборлосон зэсээр дүүрсэн байгаа бөгөөд хөрөнгө оруулагч компани Индонезийн эрх баригчидтай экспортын үнэ дээр тохиролцож чадахгүй байгаа учраас олборлосон хүдрээ агуулах сав байхгүйн улмаас хүчин чадлаа бууруулахад хүрчээ.

Лондонгийн металлын бирж дэх зэсийн гурван сарын фючерс 1.5 хувь өсөөд байна.

А.ТУЛГА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна