“Залууст ээлтэй, дээдэст халтай жил гарна”

XVII жарны “Алтан унжлагат” хэмээх улаагчин /гал/ тахиа жил хэдхэн хоногийн дараа Монгол орноо айлчлан ирнэ. Монголчуудын уламжлалт сар шинийн баярын босгон дээр “Түвдэнпэлжээлин” хийдийн хамба лам, гэвш Ж.Гончигсүрэнтэй ярилцлаа.
Тэрбээр 1987 оноос хойш Төгсбуянт зурхайн ёсны уламжлалт судар бичгүүдийг үндэслэн лит буюу цаг улирлын бичгийг зохиож байгаа гэнэ.


-Сайхан өвөлжиж байна уу та?

-Сайхан, та бүхэн сайхан өвөлжиж байна уу?

-Гал тахиа жилийн хаврын тэргүүн сар арав ч хүрэхгүй хоногийн дараа гарна. Танай хийдээс Төгсбуянт шинэ зурхайн ёсны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн цагалбараа гаргасан байна. Морилон ирж буй гал тахиа жилийн өнгө ямар байна?

-Тухайн жилийн өнгийг тодорхойлохдоо хаврын урь орсон өдрийг махбодиор тооцож, үхэр зурлагаар жилийн төлөв байдлыг шинждэг. Энэ жилийн зурлагаар XVII жарны “Алтан унжлагат” хэмээх улаагчин тахиа жил сайхан болохоор байна. Ер нь тухайн жилийг харахаас илүү  Монголын ард түмэн  өөрсдөө бие, хэл, сэтгэлээрээ ямар байж, хэрхэн угтах вэ гэдгийг ихэд анхаарах хэрэгтэй. Хүмүүний үйл бол бие, хэл, сэтгэлийн үйлдэл юм.

-Монголчууд цагаан сардаа бэлтгээд завгүй байх шиг. Ер нь цагаан сарыг өргөн тэмдэглэх нь зөв үү. Та юу гэж боддог вэ?

-Цагаан сарын баяр бол уламжлалт зан заншлаа хадгалж үлдэх том  "хичээл" болдог. Мөн монголчууд бид нэг нас нэмж буйн баяр юм. Баярын өдрүүдэд ёс заншлаа дээдэлж, ахмад буурлаа хүндэтгэж, ахан дүүсээрээ баярлаж, идээ, шүүсээ хэрхэн засах талаар  хэлэлцэнэ гэдэг хойч үедээ ёс заншлаа албан бус сургалтаар дамжуулан үлдээж буй хэлбэр юм. Нялхсаа баярлуулж, ахмадаа хүндэтгэх нь ёс зүй талаасаа ч ач холбогдолтой баяр. Бид цагаан сарын баярынхаа ёс заншлын тухай хамгийн ахмад настнаасаа суралцаж, өвлөн авах нь чухал.

-Зарим зурхайчид тахиа жилийн зурлагын өнгө  цагаан байна гээд байна. Энэ ямар учиртай юм бэ?

-Тахиа жилийн үхэр зурлагын өнгө ихэнх нь цагаан байгаа. Энэ нь салхи шуурга ихтэй байхын шинж гэсэн үг.

-Гал тахиа жил ямар хүмүүст ивээлтэй байх бол. Гарч байгаа жил бүрийн өнгө өөр байдаг учраас хүмүүс үүнийг багагүй сонирхож байна л даа?

-Залууст их сайн жил гарна. Харин өтгөс настан болон ихэс дээдэст их хүнд жил болох төлөвтэй байна. Сайн явах санааных гэдэг. Монголчууд эв нэгдэлтэй, сайхан сэтгэлтэй, эерэг бодолтой явбал гадны хорлол хүрэхгүй.

-Битүүлэх ёсон гэж бий. Зарим хүмүүс битүүртлээ иднэ гэж хэлдэг. Битүүлэх ёс гэж яг юу юм бэ?

-Монголчууд битүүний өдөр хамгийн түрүүнд хот хороогоо цэвэрлэж, тоос тортгоо арилгадаг уламжлалтай. Энэ нь муу, муухай бүхнээ өнгөрсөн жилдээ үлдээгээд, цэвэр сайхан шинэ жилээ угтаж байгаа гэсэн санаа. Мөн хамгийн дээд идээ шүүсээ засаж, ахмад настнаа урьдаг. Хэрэв хот айл байвал битүүний идээгээ солилцож, мэндээ мэдэлцээд, тамхи нэрж битүүлдэг ёстой. Битүүний өдөр Цэдор Лхам бурхан гурван мянган ертөнцөөр аялж, бүх айлд ирдэг гэдэг. Тиймээс Лхам бурхны морины цангааг гаргах гэж айлууд битүүний орой тотго дээрээ мөс, өвс тавьдаг уламжлалтай. Монголчууд энэ уламжлалаа одоо ч гээгээгүй авч яваа нь сайхан санагддаг.

-Битүүнээс цагаан сарын шинийн 1-ний өглөө хүртэл сүм хийдүүд Цэдор Лхам хурж, монголчууд уг хуралд даган баясдаг. Гэвч яагаад заавал битүүнд Цэдор Лхам хурдаг талаар тайлбарлаж өгөөч?

-Бурхан шашны лам хуврагууд шинийн 1-нээс эхлэн 15-ныг хүртэл ерөөл хурна. Билгийн тооллын  26-наас эхлэн балин адислах буюу бүх балин, тахилаа сольдог.  Цэдор Лхамын хурлаа битүүний оройноос эхлэн хурж, шинийн өглөөтэй золгодог. Энэ нь Лхам бурхныгаа угтан авч, урин залж, ирэх жилийн даатгалыг хийж байна гэсэн үйл юм.

-Монголчууд жил бүрийн сарын  шинийн 15-нд багтан ном засал уншуулснаар тэр жилдээ сайн явна гэж үздэг. Шинийн 15-ны дотор ном заслаа хийлгэх нь илүү үр дүнтэй гэж ойлгож болох уу?

-Бурхны номын сударт харш жил гэсэн ойлголт ихэд түгсэн байдаг. Гэтэл шишэд буюу бага харш жил, дүнсүр буюу их харш жилдээ тус тусад нь засал гүрэм хийдэг. Тухайн хүн өөртөө тохирсон засал гүрмээ шинийн 15-нд багтан хийлгэх нь зүйтэй. Манай залуус өөрөө засал гүрмээ хийлгэхгүй эцэг, эхдээ даатгачихдаг.  Ээж аав нь бүх хүүхдийнхээ нэрийг жагсаачихаад  ном уншуулдаг. Үнэндээ үйл эзэн нь өөрөө л тухайн жилийн заслаа хийлгэж байвал сайн.

-Бурхны ном уншуулахад тодорхой тарифтай. Ийм байх нь зөв үү?

-Миний хувьд Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийнхээ горимыг дагадаг. Засал номын тарифын хувьд тухайн засал номын балин тахилын хэрэгсэл, лам хуврагийн өглөг зэргээс шалтгаалан харилцан адилгүй байдаг. Харин сүсэгтэн олон бурхны аль ч номын хурлыг үнэ төлбөргүй даган баясаж болно. Энэ нь сүсэгтэн олны сэтгэлийн өглөгийн асуудал. Зурхайн судар бичигт ч ялгаагүй хүнийг айлгах, гарцаагүй үнэн гэж хүнд тулгах, харамж мөнгө нэхэх, яршиг төвөг удах зэргийг хатуу хориглодог.

-Ер нь гандан, хийдийн лам хуврагууд хэрхэн шинэлдэг бол. Таны хувьд сар шинээ хэрхэн гаргадаг вэ?

-Битүүний шөнөөс эхлэн Гандантэгчинлэн хийдийн лам нар шөнөжин ном хурж хонодог учраас хийд дээрээ золгочихдог. Тэгээд дуганаа гороолоод, маани мэгзмээ уншиж мөрөө гаргаад явчихдаг. Тэрнээс биш тусгайлан мөр гаргадаг ёс байхгүй. Сар шинээр ахмад багш, эцэг эх, хамаатан садантайгаа очиж золгоно. Миний хувьд хийддээ хурлаа хурна. Сар шинийн баяраар ахан дүүс, олон шавь нар маань ирж золгодог. Мөн өндөр настай буурлууддаа очиж золгоно.

-Сүүлийн жилүүдэд ард түмэн цагаан сарыг өргөн тэмдэглэдэг болсон. Нөгөө талдаа сар шинээр бэлэг өглөө, ахмад настнуудад мөнгөтэй золголоо гэсэн шүүмжлэл багагүй гарах болсон. Та үүнтэй санал нийлдэг үү ?

-Цагаан сарыг заавал тэгж тэмдэглэ гэсэн дүрэм байхгүй. Өргөн дэлгэр сайхан тэмдэглээд буруудсан юм алга. Сүүлийн жилүүдэд манай монголчууд янз бүрээр цэцэрхдэг болжээ.Зарим хүмүүс цагаан сарын баярын бэлгийг их шүүмжилдэг. Харин би энэ асуудалд эсрэг байр суурьтай байдаг хүн. Энэ бол өглөг юм. Сар шинийн өглөгт юугаа өгөх нь тэр хүний л асуудал. Өглөгийг эдийн, номын, аймшиггүй гэж бурханы номд хувааж үздэг. Тэгэхээр бид цагаан сарын баяраар хүндтэй зочиндоо эдийнхээ дээдийг сэтгэлээсээ өгч байгаа учраас өглөгийн дээд гэж бодох хэрэгтэй. Хоёрдугаарт, эдийн өглөгөөс гадна залуу хойч үедээ сургаалиа хайрлаж байгаа нь номын өглөг болно. Мөн аваар осол, гал түймэр, салхи шуурганаас сэрэмжлүүлж байгаа нь аймшиггүй их өглөг болдог учиртай.

А.ЦЭЭСҮРЭН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна