Кимийн гэр бүл

2017 оны 2 сарын 17

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны төрсөн ах Малайзид хорлогдон амиа алдсан хэрэг дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Малайзийн Кула Лумпур хотын онгоцны буудлаас Макао руу нисэх гэж байсан Ким Жун Намыг хоёр эмэгтэй хордуулсан байж магадгүй гэж үзэж байгаа. Энэ хэрэгт сэжиглэн хоёр эмэгтэйг Малайзийн цагдаа нар баривчилсан тухай тус улсын мэдээллийн агентлаг мэдээлсэн. Ким Жун Нам нь эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан бөгөөд талийгаачийн цогцсод хийсэн эхний шинжилгээгээр биеэс нь хор илрээгүй хэмээн мэдээлж байна.

Амиа алдсан Ким Жун Нам бол одоогийн удирдагч Ким Чен Ун нар эцэг нэг, эх өөртэй ах дүүс. Хойд Солонгосын хоёр дахь удирдагч Ким Чен Ирийн ууган хүү юм. Хойд Солонгосын удирдагч Кимийн удмынхан хэн бэ?

Өрсөлдөгчөө зайлуулах тактик

Хойд Солонгосын эхний удирдагч Ким Ир Сен 1960 онд улс орныхоо эрх мэдлийг үе уламжлуулан өгөх шийдвэр гаргаснаар Кимийн гэр бүл энэ улсыг удирдаж байна. Үе улиран эрх мэдлээ шилжүүлдэг учраас энэ гэр бүлд төрсөн эрэгтэй хүүхдүүд онцгой анхааралд байж ирсэн. Ялангуяа эрх мэдлийг авах магадлалтай нь бусад ах, дүү нараа замаасаа зайлуулж ирсэн байдаг. Эрх мэдэлд хүрч чадаагүй ах, дүү нар нь Хойд Солонгосын тагнуулын байгууллагын чанд хараанд байж иржээ.

Хойд Солонгосын эхний удирдагч Ким Ир Сен

Ням гаригт Куала Лумпурт хорлогдсон Ким Жун Нам ийм л хувь заяатай нэгэн. Тэр дэлхийн улс орнуудаар аялах дуртай нэгэн байсан. Хойд Солонгосын тагнуулын албаныхны бэлдэж өгдөг хуурамч паспортоор ихэвчлэн аялдаг. Ер нь Хойд Солонгосын төрийн өндөр тушаалын хүмүүс ихэнх нь хуурамч паспортоор гадаадад зорчдог байна.

2001 онд Ким Жун Нам хуурамч паспортоор Япон руу нисэх гэж оролдоод баригдсан бөгөөд түүнээс хойш Хятад, Макаод гол төлөв амьдарч ирсэн. Түүнийг аав нь, дараа бага дүү нь өргөөн хэлтрүүлсэн учраас тэрбээр ийн амьдарч байсан юм.

Гэхдээ Макаод түүнийг бизнес эрхэлж байсан гэдэг ч үнэндээ түүнийг Кимийн гэр бүлийн мөнгийг эргэлдүүлдэг байсан гэж үздэг. Үнэндээ саяхныг болтол Кимийн хөрөнгө чухам Макаогоос орж ирж байсан юм.

Өөр нэг батлагдаагүй таамгаар 2013 онд өнөөгийн удирдагч бага дүү нь тухайн үед улс орондоо хамгийн нөлөөтэй байсан нагац ах Чан Сон Тэкийг цаазаар авсанаас хойш нутагтаа очих хүсэлгүй болсон гэж ярьдаг.

Хангамж бүхий цөллөг

Хойд Солонгосын хоёр дахь удирдагч Ким Чен Ир төрсөн ах дүү нараа гадаад орон руу дипломат албанд томилох замаар өрсөлдөгчдөө зайлуулсан байдаг. Үүнийг “халамжтай цөллөг” хэмээн нэрийддэг байна.

Ким Чен Ирийн бага дүү Ким Ён Ил насан эцэстлээ Германы Берлинд амьдарчээ. Ид залуухан 45 насандаа тэр Берлинд өөд болсон бөгөөд түүний үхлийн шалтгаан тодорхойгүй. Ким Чен Ирийн хоёр дахь гэрлэлтээс төрсөн Ким Пхён Иль мөн дипломат албанд томилогдон гадаад оронд амьдраад 30 гаруй жил болж байгаа аж. 1989 оноос хойш тэр Европын хэд хэдэн орон, тухайлбал, Унгар, Болгар, Польш, Финланд, Чехэд Элчин сайдаар ажилласан.

Ким Ир Сений дөрөв дэх үеийн удам Парист амьдарч байна

Малайзад амиа алдсан Ким Жун Намын хүү Ким Хан Соль одоо Парист амьдардаг. Үе залгамжлах удам судраар нь хөөх юм бол эрх шилжих хамгийн магадлалтай хүн бол тэр. Залуу Ким өөрийн удмын дэглэмд шүүмжлэлтэй ханддаг. Нэг биш удаа олон нийтийн сүлжээнд Хойд Сололнгост хүний эрхийг зөрчиж байгаа тухай, мөн тариачдын зовлонт амьдралын тухай бичиж байжээ.

Малайзад амиа алдсан Ким Жун Намын хүү Ким Хан Соль

Өмнөд Солонгосын хэвлэлийнхэн түүний Facebook хуудсыг илрүүлснээс хойш түүнийгээ хаажээ.

Кимийн эмэгтэйчүүд

Кимийн гэр бүлд төрсөн болон Кимүүдтэй холбоотой байсан эмэгтэйчүүдэд төрийн эрх мэдэл очихгүй учраас тэднийг мөрдөж мөшгөдөггүй, зөнгөөр нь орхидог. Гэхдээ л ихэнх нь гадаад орон руу явсан байдаг ажээ.

Кимүүд ганц авааль эхнэртэй байсан тохиолдол бараг байхгүй. Хоёр дахь, гурав дахь удаагаа гэрлэсэн тохиолдол элбэг. Ким Чен Ирийн хувьд дор хаяж дөрвөн эмэгтэйтэй холбогдсон байдаг. Эхнэрүүд болон амрагууд нь Кимүүдтэй холбоогоо тасалсаны дараа тэдэнд гадаадад амьдрах боломжийг олгосон байдаг ажээ.

Сая алагдсан Ким Жун Намын ээж Сон Хе Рим нь жүжигчин байсан. Ким Чен Иртэй холбоогоо тасалсаны дараа тэрээр Москва дахь Дипломат ажилтнуудын амьдардаг дүүрэгт амьдарч байсан Москвад 25 жил амьдрахдаа эргэж Хойд Солонгостой бараг холбоо тогтоогоогүй. 2002 онд тэрээр нас эцэслэсэн бөгөөд Троекуровийн оршуулгын газар О Сун Хве нэрээр оршуулжээ. Харин 2005 он Ким Жун Нам ээжинхээ шарил дээр жинхэнэ нэрийг нь бичсэн чулуу босгожээ.

Ким Чен Ирийн бас нэг эмэгтэй гадаад оронд нас барсан нь өнөөгийн удирдагч Ким Чен Уны ээж бүжигчин Ко Ён Хи юм.

Тэрээр Европ амьдрах дуртай байсан бөгөөд 2004 онд хорт хавдар туссан нь тогтоогдсоноос хойш Парист эмчлүүлж байгаад мөн ондоо тэндээ насан эцэслэсэн. Ко Ён Хи нь солонгос-японы эрлийз байсан бөгөөд түүний гарал үүслийг маш нууцалж, нэрийг нь дурдах эрхгүй болгох шийдвэр байдаг байна. Учир нь, нэрээр хөөн гарал үүслийг мэдэж болох тул энэ нь агуу удирдагчдын цус цэвэр биш гэдгийг илтгэх ажээ. Түүнийг амьд үед “Агуу ээж” хэмээн нэрлэж, зориуд магтан дуулдаг байжээ.

2006 онд Ким Ир Сений ууган охин Ким Кён Хигийн охин Чан Кым Сон Парист хотод таалал төгсчээ. Түүнийг амиа хорлосон гэдэг.

АНУ руу оргосон нь

Кимийн гэр бүлийнхэн гадаад оронд ч тагнуулын чанд мөрдлөг, хяналтанд байдаг тухай хэлсэн. Энэ хяналтаас гарч чадсан цөөн хүний нэг нь өнөөгийн удирдагчийн авга эгч Ко Ён Сук юм. The Washington Post сонинд өгсөн ярилцлагадаа энэ тухайгаа тодорхой ярьсан байдаг. Тэр өнөөгийн удирдагчийн өсгөсөн хуурай эх нь юм. Ким Чен Уныг Швейцарт сурч байхад нь хамт байж асарч халамжилж байжээ.

Зим Чен Уныг 14 нас хүрэх үед тэр Хойд Солонгост буцаж очилгүй, оргохоор шийдсэн гэдэг. Үе удмынхаа чанд хяналтаас гарах ганц арга нь АНУ-ын тагнуулын албанд хандах гэж тэр шийдсэн бөгөөд энэ нь зөв байсан юм. Дэлхийн хамгийн хаагдмал гэр бүлийн талаарх нууц мэдээллийг авсаны хариуд Ко Ён Сук болон түүний гэр бүлд аюулгүй амьдрах баталгаа олгосон төдийгүй 200 мянган ам.долларын байшин өгчээ. Тэрбээр одоо нөхөр, гурван хүүдийн хамт Нью-Йоркт амьдардаг. Хувцас цэвэрлэгээний газар ажиллуулан амьдардаг ажээ

Өнөөгийн удирдагчийн бүрхэг намтар

Одоогийн залуу удирдагч Ким Чен Уны намтрын талаар маш хомс мэдээлэл байдаг. Байгаа мэдээллүүд нь хоорондоо зөрчилддөг. Тухайлбал, яг хэзээ төрсөнийг хэн ч мэдэхгүй. Хамгийн магадлалтай огноо нь 1982 оны нэгдүгээр сарын 8 юм. Гэхдээ бас 1983, 1984 онд төрсөн ч гэж ярьдаг.

Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэдээгээр тэрбээр Ын Пак нэрээр Швейцарийн Берне хотын олон улсын сургуулийг төгссөн. Сагсан бөмбөгийн хорхойтой. АНУ-ын сагсан бөмбөгийн лигийн тоглолтуудыг шимтэн үздэг. 2013 оны гуравдугаар сард АНУ-ын сагсны лигийн од Деннис Родманыг эх орондоо урин аваачсан.

Гэр бүлийн байдлын талаарх мэдээлэл бас хомс. Хоёр хүүхэдтэй гэж таамагладаг. Ууган хүүхэд нь 2010 оны сүүл, эсвэл 2011 оны эхээр, харин хоёр дахь хүүхэд нь 2012 оны сүүлээр төрсөн гэж багцаалдаг. 2011 оноос тэрбээр олон нийтийн өмнө нэгэн эмэгтэйтэй хамт үзэгдэх болсон. Тэр эмэгтэйг Ли Соль Жу гэдгээс илүү мэдээлэл байхгүй.

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун эхнэр Ли Соль Жугийн хамт

Бэлтгэсэн А.ТУЛГА