Хайраас ургасан хайр

2017 оны 2 сарын 17

Хоёрдугаар сарын 1-нд Бейонсе, түүний гэр бүлийнхэн шүтэн бишрэгчдэдээ гайхалтай мэдээ дуулгасан нь тэр хөл хүнд болсон, бүр хоёр ихэр хүүхэд тээж буй тухай мэдээ байв. Цэцэгсийн дунд өвдөглөн суугаад, гивлүүр зүүсэн түүний хөл хүнд зураг Инстаграмд хамгийн богино хугацаанд хамгийн олон like авсан зураг болов.Бейонсегийн хөл хүнд гэдгээ зарласан гэрэл зураг.

Харин Бейонсе яагаад заавал ийм тавилттай зураг сонгож, тавив? Тэр яагаад гивлүүр зүүсэн? Яагаад өвдөглөсөн? Яагаад ийм олон цэцэг гэж?... гээд зургийн цаана нуугдсан далд агуулгыг урлаг шүүмжлэгчид өөр өөрийн өнцгөөс тайлбарлажээ.

“Ягаан хөхний даруулга, хөх дотоож өмссөнөөс харахад Бейонсе магадгүй охин, хүү хоёр ихэр тээж байгаа байх” гэж @nicbamford жиргэв. “Түүнийг тойроод олон сайхан цэцэгс байна. Энэ түүний амьдрал болоод эх дэлхийтэй холбогдох холбоог илэрхийлж байгаа. Тэр байгалиас эрч хүч авдаг” гэж @TheHelenOfTrill бичжээ. Харин “The Guardian” сэтгүүл тэдгээр цэцэгсийг “хайр, сэтгэл ханамжийг илтгэж байна” гэж тодорхойлов.”The Sun” сэтгүүлд түүнийг “Иллюминатийн бүлэглэлийн гишүүн байж болзошгүй” гэж мэдээлж, батлахыг оролдов. Учир нь Бейонсегийн зурагт тэр иллюминатуудын гол бэлгэдэл болох пирамид дүрс шиг байрлалтай суусан гэх хувилбар дэвшүүлжээ.

Анх хөл хүнд гэдгээ зарласны маргааш өдөр нь Бейонсе жирэмсний зураг авалтын үеэр авахуулсан илүү олон зургаа “Би гурван зүрхтэй” гэх гарчгийн дор өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн юм.

Түүний зургууд Сэргэн мандалтын үеийн Боттичелли, Рафаэль, Рени нарын зургийг санагдуулна.

Хамтын амьдрал нь бүтэлгүйтэж, сэтгэл нь хөрсөн, салах гэж байгаа гэх цуу яриаг үгүйсгэж, шоу бизнесийн салбарын хамгийн хүчирхэг хос цаашид олон арван жилийг хамтдаа элээнэ гэдгээ энэ зургаараа илэрхийлсэн юм.


Ирэх зургадугаар сард ихэр хүүхдээ угтан авах Бейонсе ээжтэйгээ, бас охинтойгоо. Хайраас ургасан хайр. Хайраас үүсдэг, бас өөр нэгэн хайрыг бүтээдэг эх хүний, эмэгтэй хүнийг Бейонсе бахдан дуулав.Бейонсе ээж Тина, охин Блю Айвигийн хамт. Грэммийн үзүүлбэрийн өмнөх бэлтгэлийн үеэр ийм зураг авахуулжээ.

Хөгжмийн салбарын хамгийн дээд ёслолоос өмнө ихэр хүүхэд тээж буйгаа зарласан Бейонсе хурдан хурдан цохилох хэмнэл, эрч хүчтэй бүжиг, бусдыг уриалан дуудсан, дотор гижигдсэн шоу биш, харин уянгалаг намуухан хэрнээ хүчирхэг, намба суусан ч гэмээр үзүүлбэрийг бэлтгэжээ. Эхлэл хэсэгт явах холограм түүний охин Блю Айви ээжийгээ тойрон гүйж яваа дүрс харагдав. Харин шоу үзүүлбэрийн өмнө Бейонсегийн ээж Тина Ноулес Лаусон Грэммийн тайзнаас охиноо зарлаж, урив.Тэр Грэммийн тайзан дээр алтан шаргал гоёлтой, ихэмсэг хатан, эзэрхэг бурхан адил үзүүлбэрээ толилуулсан юм. “The Lemonade” хэмээх шинэ цомгийнхоо “Love Drought”, “Sandcastles” гэх хоёр дууг дуулав.

Бейонсегийн таван настай охин Блю Айви
Бейонсегийн нөхөр Жей-Зи охин Блю Айвигийн хамт
 

Грэммийн тайзнаа тэр олон шагнал аваагүй, амжилтаараа цойлж чадаагүй. Гэхдээ тэр бол дэлхийн хүн, дэлхийн дуучин гэдгийг нь батлан илтгэх үйл явдал Грэммийг ч мөн тойрсонгүй.

Гол гэгдэх гурван шагнал, дээрээс нь дахин хоёр цом гардсан Адель “Шилдэг цомог”-ийн шагналаа авахыг хүссэнгүй, энэ шагнал Бейонсед очих ёстой гэж нулимс дуслуулан хэлэв. Грэммийн индэр дээрээс шагналаасаа татгалзсан тэр Бейонсег “гэрэл гэгээ, эрч хүч, онгодын охь” хэмээн тодорхойлов. Шагналын цомоо голоор нь хувааж, талыг нь Бейонсед өгөхийг хүсэв. Бейонсе ч сэтгэл догдлон нулимс унагаж, танхим тэр аяараа түүнд баяр хүргэв.

Бейонсе. Түүнээс эрч хүч, эрмэлзэл, эрэмгий зориг ханхалдаг. Түүний дуу хоолойноос итгэл найдвараа асааж, хүсэл мөрөөдлөө хөглөж, өөртөө итгэх итгэлээ хурцалдаг сая сая шүтэн бишрэгчдийнх нь сэтгэгдэл Грэммийн дараа хөвөрсөн юм. Дуусашгүй ундрах авьяас, ширгэшгүй боргилох эрч хүч гэж түүнийг тодорхойлжээ.

С.ЦЭЛМЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна