Халаа сэлгээгээр эхэлсэн шинэчлэл

2017 оны 2 сарын 17

Долдугаар Их хурлаараа намын даргаа батламжилсан Ардчилсан намын шинэчлэл халаа сэлгээгээр үргэлжилж байна. Яг өнөөдрийн хувьд Ардчилсан намд шинэчлэл гэхээсээ илүү халаа сэлгээ ид оволзож байна. Хэн нэгнийг хэн нэгнээр солих нь шинэчлэл мөн гэвэл шүү дээ. Гэвч, нийлбэр дүн өөрчлөгдөхгүй бол нэмэгдэхүүний байрлалыг солиод ч нэмэргүй.

Шинэ дарга багаа бүрдүүлж ажиллах нь зүй ёсны хэрэг боловч нэг өдрийн дотор Хэрэг эрхлэх газрынх нь 40 гаруй хүн ажлаас чөлөөлөгдсөн нь Ардчилсан намд хийх бодлогын шинэчлэл боловсон хүчний халаа сэлгээгээр солигдов уу гэх хардлагыг дагуулаад байна.

Халаа сэлгээ хийх тушаал гаргасан хүн нь Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан юм. Тэрбээр халагдах тушаалтай зэрэгцүүлээд томилогдох тушаалыг гаргаснаар Ардчилсан намын Хууль, дүрмийн бодлогын газрын даргаар Б.Батхуяг, Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын даргаар Э.Одбаяр, Өмч, санхүүгийн хэлтсийн даргаар Ч.Чулуунчимэг тус, тус томилогджээ.

Их хурлаас Ардчилсан намын дарга С.Эрдэнэд генсекээ томилох эрх мэдэл олгосон тул Ц.Туваан “цэрэг” нь болсон. Угшлыг нь намын дарга С.Эрдэнэ “МоАХ фракц” гэж тодотгосон ч гишүүд нь “Ц.Туваан бол УИХ-ын гишүүн асан Г.Баярсайханы баруун гар” гэж ярих нь бий. Үүгээр бол Ардчилсан намын шинэ генсек МоАХ-ны ч, “Шонхор”-ын ч “элч” хийж чаддаг элдэвтэй нэгэн болж таараад буй.

Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуульд ялж, Засгийн газраа байгуулахад Ц.Туваан Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайдаар томилогдсон юм. Тухайн үед тус яамны сайдаар УИХ-ын гишүүн асан Х.Баттулга ажиллаж байлаа.

Дараа нь МАН Засгийн газарт хамтрахад Ардчилсан намынхан дэд сайдын суудлаа хуваалцах болж, Ц.Туваан чөлөөлөгдсөн ч төд удалгүй Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ түүнийг тосон авч газрын даргаа болгосон.

Иймээс Ц.Туваан Ардчилсан намын шинэ даргатай хамгийн ойр ажиллаж буй МоАХ-ны хүн болж таарч буй.

Гэвч тэд намдаа бодлогын шинэчлэл хийх бус боловсон хүчний халаа сэлгээ хийж эхэлсэн нь Ардчилсан намын өмнөх удирдлагуудын алдааг давтсан хэрэг болж, шүүмжлэлд өртөөд байна. Тодорхой тооны хүмүүсийг чөлөөлөх, сэлгэх асуудал хаа ч байдаг. Аль ч дарга багаа бүрдүүлж ажилладаг нь тогтсон дэг. Хамгийн гол нь чадвартай боловсон хүчнүүдээ авч үлдэж байж, цааш явна. Тэрний хүн, энэний хүн гэдэг хайрцаг дотор эргэлдсээр байвал Ардчилсан нам фракц, бүлэглэлийнхээ савраас гарах өдий. Өнөөх л тамын тогоон дотор эргэлдэнэ гэсэн үг.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ардчилсан намын даргаар томилогдсоныхоо дараа Хэрэг эрхлэх газраасаа эхлүүлэн Үндэсний зөвлөлдөх хороо хүртэлх шат дамжлагад “Алтан гадас” фракцаасаа хүмүүсээ зүтгүүлж, хаана ямар албан тушаал байна тэр бүгдэд суулгасан нь эцэстээ энэ нь намд ч, өөрт нь ч гай дагуулснаас өөр юу ч авчраагүй.

Эцсийн эцэст Ардчилсан нам өнөөдөр УИХ-д есхөн суудалтай, хүчгүй байгаа нь хэн ажил хийх чадвартайг бус хэн аль фракцынх байхаас хамаарч, ажилд томилж ирсэнтэй л холбоотой.

Ийм алдааг давтахгүйн тулд Ардчилсан нам бодлогын нам болж, шинэчлэгдэх зорилт тавьсан. Шинэ дүрэм ч боловсруулсан, намын даргын сунгааг явуулсан. Өдий төдий ажил болж, өчнөөн зардал чирэгдэл гаргасан. Гэтэл өнөөдөр шинэ дарга нарынх нь хэрэгжүүлж байгаа бодлого өмнөх шигээ бахь байдгаараа үргэлжилбэл энэ нам шинэчлэгдэж нэгэн цул болох биш бүр задрал руугаа явна.

Шинэчлэл намынхаа үзэл баримтлалыг дээдэлж, дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулахаас эхлэх болохоос биш халаа сэлгээгээр хүч түрдэггүй юм.

Хэн чадалтай, боловсролтой, ажлын ачаалал даах чадвартай байна түүнийгээ зохиох газар нь ажиллуул, томил. Фракц дагуулж томилгоо явбал “Ардчилсан нам фракц, бүлэглэлийнхээ савраас татгалзаж чадлаа” гэх үг хоосон тунхаг болоод л өнгөрнө.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна