Цагаан ордны түүхэнд байгаагүй хэвлэлийн хурал

2017 оны 2 сарын 17

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /2017.02.16/ гэнэт хэвлэлийн бага хурал зарлан хийлээ. Уг нь энэ хурлаар Хөдөлмөрийн сайдад нэр дэвшигчийг танилцуулах ёстой байсан ч нэр дэвшигч Александр Акост зааланд байсангүй. Нэг цаг 16 минут үргэлжилсэн гэнэтийн хурал өнөөг хүртэл Цагаан ордонд болж байсан хэвлэлийн хурлуудаас тэс өөр өнгө аястай болжээ. Тэнд ямар ч эмх замбараа, дэг үйлчлээгүй байна. Уламжлал ёсоор Цагаан ордны хэвлэлийн хурал албан маягтай, дэг журамтай явагддаг. Энэ хурлын үеэр албан тушаалаа аваад нэг сар хараахан болоогүй байгаа шинэ Ерөнхийлөгч уяанаасаа алдуурсан мэт байсан хэмээн BBC бичжээ.

Пүрэв гаригийн хэвлэлийн бага хурал Ерөнхийлөгч болоод хэвлэлийнхний ээлжит сөргөлдөөн болсон байна.

Мэдээллийн томоохон байгууллагын төлөөлөгчдийг Трамп “Нүгэлт тогтолцооны дуу хоолой” гээд энэ тогтолцооны эсрэг зогсохыг оролдож байгаагаа хэлсэн байна.

Хоёр хоногийн өмнө албан тушаалаасаа огцорсон Аюулгүй байдлын зөвлөх Майкл Флинн оросуудтай ямар холбоотой байсан эсэх, Цагаан ордон энэ хэрэг явдалд ямар байр суурь баримталж байгаа эсэх сэтгүүлчдийн асуултад Трамп хариулах гэж оролдсоноо үргэлжлүүлээд сэтгүүлчдийг “ёс зүйгүй” гэж буруутган, хууль бус хуурамч мэдээлэлд үндэслэн мэдээлэл дамжуулсан нь сэтгүүлчийн алдаа хэмээн хэлжээ.

New York Times, Wall Street Journal-ийн сэтгүүлчдийг шууд өөртэй нь холбогдож мэдээллээ нягтлаагүй гэж буруутгажээ. Бас CNN-ийн сэтгүүлчид хандан “Энэ компани хэрвээ өөрчлөгдсөн бол илүү сайн байж болох байлаа” хэмээн хэлжээ.

А.ТУЛГА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна