ОХУ: “Эрдэнэт” бол Монголын дотоод асуудал

2017 оны 2 сарын 17

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ долоо хоногт ОХУ-д албан ёсны айлчлал хийгээд ирсэн талаараа сэтгүүлчдэд өнөөдөр /2017.02.17/ мэдээлэл хийлээ.

Айлчлалынхаа хүрээнд “Ростех”-ийн удирдлагуудтай уулзах хүсэлт тавьсан тухай Монголын зарим мэдээллийн сайтад тавигдсаныг Ц.Мөнх-Оргил сайд үгүйсгэж, “Айлчлалын албан ёсны хөтөлбөрт “Эрдэнэт” үйлдвэрийн талаарх яриа, хэлэлцээр өрнөөгүй” гэдгийг дурьдлаа.  

"ОХУ, Монгол Улсын аль ч талаас “Эрдэнэт”, “Монголросцветмент” үйлдвэрийн талаар ярих санал гаргаагүй. 

Харин оройн зоог барих  үед Оросын төлөөлөгчид  “Эрдэнэт”-ийг Монгол Улсын дотоод асуудал гэж  үзэж байгаагаа хэлсэн" тухай Ц.Мөнх-Оргил сайд мэдээлэл хийх үеэрээ ярилаа.  Монгол, Орос компаниудын хооронд худалдах, худалдан авах гэрээ зурагдсан. Хэлэлцэл хийсэн, төлбөр төлөгдсөн, өмчлөл шилжсэн гэж оросууд Гадаад харилцааны сайдад хэлсэн байна.

ОХУ-ААС ЗЭЭЛЭХ 1.7 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫГ ДЭД БҮТЦИЙН САЛБАРТ ЗАРЦУУЛНА

Ц.Мөнх-Оргил сайд ОХУ-д хийсэн албан айлчлалын үеэрээ ОХУ-аас авахаар санал тавьсан 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийн асуудлыг хөнджээ.

Мөн ОХУ-аас Монгол Улсад Хөгжлийн банкаар дамжуулж өгч буй ОХУ-ын нефть бүтээгдэхүүнийг худалдан авах  300 сая ам.долларын  зээлийн хүүгийн асуудлыг ярилцаж, ойлголцолд хүрсэн байна.

Тэрбээр “ОХУ-ын талтай олон асуудлыг ярилцсан. Хоёр улсын улс төрийн харилцаа сайн байгаа. Одоо худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын түншлэлээ ахиулъя гэж ярилцсан. ОХУ-аас авахаар ярьж буй 100 тэрбум рубль буюу 1.7 тэрбум  ам.долларын зээлийг хойд хөрш анхаарч, судлахаа амласан. Гэхдээ энэ зээлийг ОХУ-ын хөрөнгө оруулалт, өндөр технологиор  баригдах Монголын дэд бүтэц буюу эрчим хүч,төмөр замын салбарт оруулахаар тохиролцсон" гэв.

Д.УУДАМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна