Зөвшөөрөлгүйгээр контент нийтэлбэл торгуулна

2017 оны 2 сарын 17

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын сайтын холбооноос хамтран өнөөдөр /2017.02.17/ “Сэтгүүл зүй ба Оюуны өмч” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр сэтгүүлчийн бүтээлийг зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн тохиолдолд тухайн хэвлэл мэдээллийн салбарт ямар хариуцлага тооцох эрх зүйн харилцаа үйлчилж байна вэ гэдэг асуудал хөндөгдлөө.

Сүүлийн жилүүдэд сэтгүүл зүйн салбарт цахим сэтгүүл зүй хурдацтай хөгжиж, тэр хэрээр ч гарах зөрчил буурахгүй байгаа. Тухайлбал, нэр бүхий вэб сайтын сэтгүүлчийн бэлтгэсэн ярилцлага, нийтлэлийг өөр нэг вэб сайт зөвшөөрөл авалгүйгээр нийтлэх тохиолдол хавтгайрсан гэж хэлж болно.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтны тайлбараар бол дээрх тохиолдолд иргэнийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-6 дахин нэмэгдүүлсэн төгрөгөөр, хуулийн этгээдийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэн төгрөгөөр тус, тус торгоно.

Хэрэв энэ зөрчлийг вэб сайт удаа дараа гаргаж, алдаагаа засахгүй бол блоколж зогсоох хүртэл арга хэмжээ авах боломжтой юм байна.

Тэгвэл аман зохиол, дуу зэрэг бүтээлийг телевизүүд авч ашиглахын тулд хэнээс зөвшөөрөл авах вэ. Энэ тохиолдолд зөвшөөрөл авахгүй, харин ардын дуу, аман зохиолыг ашиглаж, бүтээл хийсэн, түүнийг нь зөвшөөрөл авалгүйгээр олон нийтэд цацсан, бусад тохиолдлоор ашигласан тохиолдолд оюуны өмчийн асуудал хөндөгдөх ажээ.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна