Ченгисхаан Эрдоган Туркээс барилдаж байна

2017 оны 2 сарын 17

Цэнхэр өмсгөлтэй нь Ченгисхаан Эрдоган

Ираны Керманшах хотноо болж буй чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн багийн “Дэлхийн цом”-д шилдэг найман баг өрсөлдөж буй. Энэхүү тэмцээнд оролцож буй Туркийн багт ОХУ-ын Тува гаралтай Ченгисхаан Эрдоган /Опан Сат/ барилдаж байна. Энэ жил 28 настай Европын гурван удаагийн аварга тэрбээр ОХУ-ын багт олон жил барилдсан. Сүүлийн хоёр жил дэвжээнд гараагүй Ченгисхаан Эрдоган энэ жил Туркийн багийн өмнөөс барилдаж эхэллээ. Тува бөх Опан Сат нэртэй бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн Ченгисхаан Эрдоган нэртэй болжээ.

“Дэлхийн цом”-ын эхний өдөр/02.17/ Монгол-Туркийн барилдаан болсон. Энэ барилдаанд Туркийн шигшээ баг 5:3-аар манай бөхчүүдийг хожсон. 61 кг-ын жинд барилдаж буй Ченгисхаан Эрдоган Э.Ням-Очирыг 4:2 онооны харьцаагаар хожиж, багтаа чухал оноог авчирсан билээ. Туркийн баг манайханыг хожсоноор хэсгийн хоёрдугаар байраар шалгарах боломжтой болж, хүрэл медалийн төлөө барилдах эрхийг авсан. Тува гаралтай Ченгисхаан Эрдоганаас гадна хоёр легионер тамирчныг Туркийн баг аваад байна.

"Дэлхийн цом"-ын медалийн төлөөх шийдвэрлэх барилдаан өнөө шөнө болно. "В" хэсэгт өрсөлдсөн манай баг V байрын төлөө "А" хэсгийн гуравдугаар байраар шалгарсан ОХУ-ын багтай барилдахаар боллоо.

Ч.БОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна