Парламентын хамгийн идэвхтэй “сурагчид”

2017 оны 2 сарын 17

УИХ-ын гишүүдийн намрын чуулганы хугацаан дахь ажлын идэвхийг дүгнэсэн баримт мэдээллийг УИХ-ын Тамгын газраас олон нийтэд дэлгээд байна. Уг мэдээллээс чуулганы хуралдаанд аль гишүүн идэвхтэй суусан, хэн нь хамгийн их санал хэлж, асуулт асуусан гэх тоон мэдээллүүд тодорхой болоод байгаа юм. Мөн хуралдаанаа тасалж, идэвхгүй байсан гишүүд ч тодроод байна.

Өнгөрсөн намрын чуулганы хугацаанд нийт 166 цаг хуралдсанаас Н.Амарзаяа, Н.Учрал наршинэ болоод залуу гишүүдийгээ манлайлан хуралдаа идэвхтэй суусан байна. Мөн хэлэлцэж буй асуудлаар байр, сууриа хамгийн олон удаа илэрхийлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учрал нийт 67 минутын санал хэлснээс гадна 24 удаа асуулт асуусан нь шинэ, залуу гишүүдээ тэргүүлсэн үзүүлэлт болсон байна. Ингээд гишүүдийн ажлын идэвхийг тоон мэдээллээр хүргэе.

Хичээлээ тасалсан гишүүд: УИХ-ын намрын чуулганы хугацаанд нийт 166 цаг нэгдсэн хуралдаан хийснээс УИХ-ын гишүүн Б.Наранхүү, хамгийн залуу гишүүн Д.Гантулга нар хичээл тасалдгаараа тэргүүллээ. Б.Наранхүү гишүүн 140 цаг, Д.Гантулга гишүүн 108 цаг тасалсан бол түүний араас Б.Жавхлан гишүүн 103 цаг тасалсан байна. Д.Гантулга, Б.Жавхлан нарын гишүүдийн хувьд залуу бөгөөд шинэ гишүүд юм.

Хамгийн их гадаад томилолтоор явсан гишүүд: Эдийн засгийн хүндрэлээс үүдэж гадаад дотоод томилолтын зардлыг хассан ч намрын чуулганы хугацаанд 76 гишүүнээс 53 нь гадаад томилолтоор явсан байна. Үүнд улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Үүнийг Б.Жавхлан, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүд тэргүүллээ.

Гадаад томилолтоор яваагүй гишүүд: Н.Амарзаяа, О.Батнасан, С.Жавхлан, Х.Нямбаатар нарын 24 гишүүн байна.

Хамгийн их үг хэлж, асуулт асуусан гишүүн: Хуралдаанд хамгийн их үг хэлж асуулт асууснаараа О.Баасанхүү тасархай тэргүүлсэн байна. Тэрбээр 74 удаа үг хэлж, 112 удаа асуулт асууж, идэвхтэй ажилласан байна.

Үг хэлдэггүй "хэлгүй" гишүүд: Хуралдаанд хамгийн их үг хэлж асуулт асууснаараа О.Баасанхүү тасархай тэргүүлсэн бол идэвхгүй, хэлгүй гишүүнээр УИХ-ын гишүүн Д.Мурат, Г.Солтан нар тодорлоо.

ЭХ СУРВАЛЖ: ЧУХАЛ.МН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна