Хүүгүй, барьцаа хөрөнгөгүй “Итгэлийн зээл” олгоно

2017 оны 3 сарын 17

Өчигдөр /03.17/ УИХ-ын гишүүн О.Содбилэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр тэргүүтэй албаны хүмүүс Орхон аймагт ажиллаж иргэдтэй уулзалт хийлээ. Энэ үеэр Орхон аймагт “Итгэлийн зээл” олгох санхүүгийн эх үүсвэрийг баталгаажуулсан гэрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Засаг дарга Д.Батлут нар гарын үсэг зурлаа. Ингэснээр 1.4 тэрбум орчим төгрөгийг банкны шалгуурыг хангах боломжгүй, барьцаа хөрөнгөгүй иргэдэд зээл олгох нөхцөл бүрдэж байна. Өөрөөр хэлбэл дээрх хөрөнгийн тодорхой хэсгийг барьцаагүй, хүүгүй хэлбэрээр иргэдэд олгоно гэсэн үг юм. Үүний тулд иргэд бүлгийн зохион байгуулалтад орох хэрэгтэй. Уг ажил нь энэ оны 6-р сараас эхэлнэ. Үүний өмнө холбогдох журмыг баталж, хамрагдах иргэдийг сургалтад хамруулах юм. Дээрх зээлийг олгосноор иргэдийн орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. Уг зээлийг олгох саналыг аймгийн Засаг дарга Д.Батлут ХНХ-ийн сайдад хүргүүлсэн нь ийнхүү амжилттай шийдвэрлэгдлээ. 

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ОРХОН АЙМАГТ 150 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАРИНА

Мөн уулзалтын үеэр УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийг танилцуулж, иргэдийн асуултад хариулт өглөө. Эрх барьж буй намын зүгээс өмнөх 4 жилд бий болсон бодлогын алдааг засаж залруулахад анхаарч ажиллаж буйг УИХ-ын гишүүн О.Содбилэг хэллээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн О.Содбилэг, Д.Дамба-Очир нар Засгийн газарт хүсэлт тавьснаар улсын төсвийн  1 тэрбум 150 сая төгрөгийн хөрөнгөөр Орхон аймагт 150 хүүхдийн цэцэрлэг баригдахаар болсон таатай мэдээг дуулгалаа. 

Мөн ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар татвар, тэтгэврийн насыг нэмэх гэж байна гэсэн ташаа мэдээлэл олон нийтийн дунд байна. Үнэндээ өндөр орлоготой иргэдийн татвар нэмэгдэж тэтгэврийн насыг шат дараатайгаар буюу жилд гурван сараар сунгана гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хэлсэн үгэндээ онцоллоо. Гэхдээ одоогоор эцсийн шийдвэр гараагүй бөгөөд одоогоор хэлэлцээрийн шатанд яваа юм. 

Засгийн газрын 2020 хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлэх 47 арга хэмжээ туссан. Одоогоор үүний 60 орчим хувийг амжилттай хэрэгжүүлээд байгаа юм. Дээрх ажлууд нь ахмад настан, залуучууд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийгмийн бүхий л хүрээнд чиглэсэн юм. 

ЭХ СУРВАЛЖ: WWW.ERDENET.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна