Санаснаа хийж, сарвайснаа авна

2017 оны 3 сарын 19

Ардчилсан нам Засгийн эрхийг барихад Д.Ариунсан гэх нөхөр Тагнуулын ерөнхий газрын дарга, Татварын ерөнхий газрын дарга болж гол, гол албан тушаалд суусан бол МАН Засгийн эрх барихад Д.Загджав хаягдсангүй. Өнгөрсөн оны намар МАН-ынхан түүнийг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргад нэрийг нь дэвшүүлж, зүтгүүлсэн ч оросууд зөвшөөрөөгүйгээс больсон.

Харин дараа нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Уул уурхайн дэд сайдаар Д.Загджавыг томилох хүсэлтэй байгаагаа намын даргадаа уламжилснаар өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаас томилгоог хийлээ.

Уул уурхайн салбарын талаар “А” ч байхгүй нөхрийг чухал салбарын дэд сайдаар томилсон нь улс орны хөгжлийн бодлогыг харахаас илүүтэй, ээлжээ хүлээсэн хүндээ албан тушаал хуваасан болж буугаад байгаа.

Тэрбээр дэд сайдын лоббиг хийхийн өмнө Төрийн ордноос салахаа байж, Г.Занданшатар нарын гишүүдтэйгээ өрөө, өрөө сэлгүүцэн гүйсний дүнд УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн албан бланкан дээр “Д.Загджавыг Уул уурхайн дэд сайдаар томилж өгнө үү” гэх бичгийг намын даргадаа уламжлуулж байв.

Гэвч тэрбээр “Би тийм бичгийг гишүүдээр хийлгэнэ гэж юу байх вэ, өөрсдөө л санал болгосон байлгүй дээ” гэх тайлбар хийгээд мэдэн будилаад зогсож байсан удаатай.

Засгийн газарт дэд сайдын алба үнэхээр хэрэгтэй юм бол ядаж л мэргэжлийн хүн тавьж, ажлаа урагшлуулахаа боддог баймаарсан даа.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна