Ерөнхий сайд орон нутагт ажиллана

2017 оны 3 сарын 19

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ирэх долоо хоногоос эхлэн орон нутагт ажиллана. Тодруулбал, гуравдугаар сарын 21-24-ний хооронд Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Ховд аймгуудад ажиллах юм.

Ерөнхий сайд орон нутаг дахь анхны томилолтоо өнгөрсөн жил Сэлэнгэ аймгаас эхлүүлсэн бол өнөө жилийн ажлын томилолт нь Монгол Улсын баруун хязгаар нутгаас эхлэх болж байна.

Орон нутагт ажиллах үеэрээ ард иргэдтэй уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрүүдийг танилцуулах юм байна. Мөн малчны хотонд ажиллах аж.

Яг одоо малчид малаа төллүүлээд ажил ихтэй байгаа. Урьдчилсан байдлаар 20 гаруй сая толгой мал төллөнө гэх мэдээллийг Хүнс хөдөө аж ахуйн яамнаас өгч буй.

Өнгөрсөн жил Монгол Улсын мал сүрэг 60 сая гаруй толгойд хүрсэн.

Малчдын хувьд малынх нь түүхий эдийн үнэ өсөж, байвал амьжиргаа нь дээшилдэг.

Өнгөрсөн жилүүдэд малын арьс шир, нэхийний үнэ навс унаж байсан ч Ж.Эрдэнэбатын танхим тодорхой шийдвэр гаргаснаар нэхийний үнэ өссөн.

Мөн энэ хавар ноолуурын үнэ өснө гэсэн итгэлийг малчид тээж буй. Сайн чанарын ноолуур нэг кг нь 100 мянган төгрөг рүү ойртох болов уу гэсэн хүлээлт бий.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна