Саахалтын айлдаа санаа зовинох цаг

2017 оны 3 сарын 20

Сэтгүүлч:
Д.Нарантуяа

Зүүн хойд Азийн бүс нутагт тогтворгүй байна. 2017 он гарсаар Хойд Солонгосын зүгээс нэг сарын хугацаанд хоёр удаа цөмийн пуужин харвасан нь ийнхүү байдлыг хурцатгаад байгаа юм.

Хоёрдугаар сарын 13-нд харвасан анхны пуужингийн дараа Хойд Солонгос шинээр сонгогдсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын янзыг үзэж байна хэмээн зарим нэг шинжээч бичиж байсан бол гуравдугаар сарын 6-нд харвасан пуужингийн дараа Хойд Солонгос янз үзэх биш ямар нэг санаатай байна гэсэн болгоомжлолыг төрүүлээд байна.

Ерөнхийлөгч Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр хэрвээ Хойд Солонгос цөмийн зэвсгээрээ айлгаж байгаа бол бусад нь ч гэсэн цөмийн зэвсэгтэй болох хэрэгтэй гэсэн үгийг амнаасаа унагаж байсан ч тангаргаа өргөснөөс хойш ийм болгоомжгүй үгийг унагаагүй.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Азийн гурван улс, тухайлбал, Япон, БНСУ, Хятадад айлчиллаа. Хойд Солонгосын удаа дараагийн пуужингийн туршилтаас үүдэн олны анхаарлын төвд ороод байгаа бүс нутагт хөл тавиад түүний хэлэх үг нь АНУ-ын Хойд Солонгосын хямралд баримтлах байр суурийг илэрхийлэх болно гэдгийг олон хүн ойлгон хүлээж байсан юм.

Төрийн нарийн бичгийн даргын айлчилсан гурван улсын хоёр нь АНУ-ын холбоотон улс гэдгийг онцлох хэрэгтэй. Холбоотойн хоёр улсад ноён Тиллерсон Хойд Солонгосын асуудлыг хөндөн ярьсан бол Хятадад хийсэн айлчлалын албан мэдээнд энэ чигийн сэдэв алга байна. Японд болон БНСУ-д хэлсэн Тиллерсоны үг анхаарал татаж байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абетэй уулзах үеэрээ “20 жилийн дипломат хичээл зүтгэл үр дүнд хүргэсэнгүй” гэсэн бол БНСУ-д очоод хоёр Солонгосын хилийн зэвсэггүй бүсэд “20 жилийн тэвчээр барагдлаа” гээд АНУ одоо шинэ чиг баримжаагаар Хойд Солонгост хандах болно хэмээн хэллээ. Гэхдээ тэрбээр шинэ чиг баримжаа гэдэг нь ямар нэг цэргийн үйл ажиллагаа биш гэдгийг онцолсон.

Энэ шинэ чиг баримжаа гэж юу байх вэ, нэгэнт идэвх нь сэргэсэн Хойд Солонгосын удирдагчийн дараагийн алхам юу байх вэ гэдэг асуулт өнөөдөр олон хүнийг зовоож байна. Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох зорилго бүхий зургаан талт уулзалт гэсэн механизм мухардалд ороод удаж байна.

Хойдуудтай энгийн нөхөрсөг харилцаатай цөөн улсын нэг нь Монгол. Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлэн гөжүүдэлснээс хойш тус улсад хөл тавьсан гадаадын улсын төрийн тэргүүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Тэрбээр Ерөнхийлөгчийнхөө хоёр дахь бүрэн эрхийг хэрэгжүүлж эхлээд анхны гадаад айлчлалаа Хойд Солонгост хийж байсан.

1955 оноос хойш өнөөг хүртэл манай хоёр улсын Засгийн газар хооронд 50 гаруй баримт бичиг үзэглэгджээ. 1955 оны есдүгээр сарын 17-нд Улаанбаатар хотноо БНМАУ, БНАСАУ-ын хооронд телефон, телеграфын харилцаа тогтоох тухай хэлэлцээрийг үзэглэж байсан бол хамгийн сүүлд 2015 онд БНАСАУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хооронд тээврийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг байгуулжээ /Эх сурвалж: Гадаад хэргийн яам/.

Монгол улс Япон болоод Өмнөд Солонгост Хойд Солонгостой зарим нэг асуудлаар харилцахад зуучлагчийн үүрэг гүйцэтгэж ирсэн. Тухайлбал, өнгөрсөн зууны 70-80-аад онд Хойд Солонгост хулгайлагдсан япон иргэдийн асуудлаарх уулзалтыг Улаанбаатарт зуучлан нэг бус удаа хийж ирсэн.

Солонгосын хойгийн дайн эхлэх үед Пхеньянд байсан гадаадын Элчин сайдууд яаравчлан тус улсаас гарч явахад БНМАУ-ын Элчин сайдаар ажиллаж байсан Ж.Самбуу гуай үлдэж байсан. Мөн энэ дайны уршгаар өнчрөн үлдсэн хүүхдүүдийг Улаанбаатарт авчран сувилан, өсгөж байсан сайхан түүх бий. Одоо ч хоёр улсын хооронд хүмүүнлэгийн харилцаа үргэлжилсээр байгаа.

Монгол Улсын Хойд Солонгостой баримталж ирсэн нөхөрсөг харилцаагаа бүс нутгийн тогтвортой байдал, энэ бүс нутагт эрх ашиг бүхий гүрнүүдийн харилцан яриа хэлэлцээний төлөө ашиглах цаг нь хэзээ хэзээнээс илүүтэй одоо ирээд байна. Бүс нутгийн эдийн засгийн интеграцаас монголчууд бид бараг хасагдсан, тэгвэл ядахдаа улс төрийн яриа хэлэлцээ, дипломат бодлогоор идэвх гаргаж, саахалтын айлдаа санаа зовинох цаг иржээ.

Хойд Солонгосын залуу удирдагч нэгэнт эхэлсэн “бодлогоо” зогсоохгүй бололтой. Өнгөрсөн Бямба гаригт өндөр хүчин чадалтай цөмийн хөдөлгүүр туршсан тухай Хойд Солонгосын мэдээллийн агентлаг мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна