Пальмира хотын түүхэн дурсгалыг нураагч амь үрэгджээ

2017 оны 3 сарын 20

Пальмира. Фото: Omar Sanadiki / Reuters

Сирийн цэргийнхэн “Исламын улс” бүлэглэлийн дарга нарын нэг бөгөөд Пальмира хотын эртний дурсгалыг нураах ажиллагааг 2015 онд удирдан зохион байгуулсан Абу Хамид аль-Сухни гэгчийг устгасан талаар Fars News мэдээлэв. 

Хэд хэдэн эх сурвалжийн мэдээлснээр түүнийг Хомс мужийн цөлөрхөг бүсэд устгасан байв.

Оросын Зэвсэгт хүчний минийн эсрэг олон улсын төвийнхөн Пальмира хотыг минээс чөлөөлөхөөр Сирид гуравдугаар сарын 16-нд ирсэн ажээ. Уг ажиллагаанд 150 гаруй албан хаагч, 17 нэгжийн тусгай техник, нохойтой анги нэгджээ.

Эртний антикийн Пальмира хот нь ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад багтсан бүс юм. 

2015 оны аравдугаар сарын эхээр исламын террористууд эртний ромчуудын парфянчуудыг ялсан ялалтад зориулан манай эриний II зууны сүүлчээр босгосон Ялалтын хаалгыг дэлбэлсэн байдаг. 

Сарын өмнө энд манай эриний өмнөх 103-44 оны хооронд босгосон оршуулгын гурван цамхгыг устгасан мэдээ ирсэн аж. Энэ үеэр антикийн Бэлэ сүмийг эвдлэн сүйтгэснийг НҮБ батлан мэдээлсэн юм. 

Пальмира хот 2015 оны тавдугаар сараас хойш ИУ бүлэглэлийн хяналтад байжээ. Хотыг 2016 оны хавар террористуудаас цэвэрлэсэн гэдэг. Террористууд өнгөрсөн арванхоёрдугаар сард хотыг буцаан эзэлсэн ба 2017 оны гуравдугаар сарын 2-нд Сирийн арми дахин чөлөөлжээ. Одоо Сирийн арми хотын орчмоос террористуудыг шахах ажиллагаа явуулж байгаа ажээ. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна