81 давхар идээг Гиннест бүртгүүлнэ

2017 оны 3 сарын 20

Жил бүрийн цагаан сарын дараагаар айл өрх бүр тавгийн идээгээ хурааж, ул боовоо "барж идэх" хэрэгтэй болдог. Зарим үед ул боовоо хатааж, хог дээр хаягдах тохиолдол цөөнгүй гардаг билээ.

Тэгвэл үндэсний тавилгын үйлдвэр "Kitchen All"-ийн зүгээс "Монгол хоолны соёлоо дэлхийд таниулах" аяны хүрээнд ул боовны хандив авч, түүгээр 81 давхар идээ засан, "Монгол хоолны соёлын өдөр"-ийг өчигдөр /2017.03.19/ тэмдэглэн өнгөрүүллээ.

Нийт 3700 гаруй ул боовоор зассан уг идээг Гиннесийн дээд амжилтад бүртгүүлэх бөгөөд цугласан хэвийн боовны зарим хэсгээр бялуу хийж, Тохижилт үйлчилгээний компани, цагдаа болон бусад цаг наргүй ажиллаж буй онцлогтой мэргэжлийнхэнд халуун ундааны хамт бэлэглэх аж. Мөн дүүрэг бүрийн амьдралын боломж муутай айл өрхүүдэд хүргэх буяны ажлыг энэ сарын 21-ээс эхлүүлэхээр болжээ.

"Kitchen All" дэлгүүрийн маркетингийн менежер Б.Сэлэнгэ энэ талаар "Зарим компани болон айл өрхүүд, тэр байтугай оюутнууд хүртэл хэвийн боовоо бариад ирж байсан. 81 давхар идээг Гиннесийн амжилтад бүртгүүлэхээр бүх бичиг баримтаа бүрдүүлж дуусаад, хүсэлтээ явуулчихсан байгаа. Хэрэв шаардлагатай гэвэл манай дэлгүүр дээр ирж, хэвийн боов авч болно гэдгийг хүмүүст хэлмээр байна" гэлээ.

Түүнчлэн өчигдөр болсон өдөрлөгийн үеэр тус компанийнхан ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологийн сургуулийн багш, оюутнуудтай хамтран  мартагдсан гэж хэлж болох зарим монгол хоол, цайны амталгааг зохион байгууллаа. Тухайлбал, элэгний эрээлж, зүрх, цулхирын гурилтай шөл, халиартай зүрхэн хуурга гэх мэт хаврын улиралд идэхэд тохиромжтой үндэсний зоогоор өдөрлөгт ирсэн иргэдийг дайлсан юм.

Г.ТҮШИГ