Б.Насанбаяр: Тэр үе надад амьдралын том хичээл болсон

Асар их дайралт, доромжлол. Үгээр хүнийг алж ч болно, аварч болно. Гэхдээ эцсийн эцэст “Цаг хугацаа бүгдийг шүүж” өгдөг... Тэр ингэж ярилаа.  МУБИС-ийн Зайны сургалтын төвийн эрхлэгч, доктор Б.Насанбаяртай ярилцсанаа хүргэе.


Гэрэл зургийг Н.Батмөнх

-Сонгууль дууссан, таныг чиглэсэн дайралтууд ч намжиж. Тийм ч учраас чухам тэр үед юу болж өнгөрсөн тухай ярилцахыг хүссэн юм. Өнөөдрөөс яг нэг жилийн өмнөх тэр өдрүүдэд танд их хэцүү байсан уу?

-Та төсөөлөөд үз л дээ. Би чинь хүний охин, хүний хань, ээж хүн шүү дээ. Тухайн үед манай гэр бүл зурагт үзэхээ ч больсон байсан. Үр хүүхдийг нь элдвээр гүтгэж, доромжлоод байхаар ямар ч аав, ээжид хүнд санагдана. Ер нь бол тийм аймаар дайралтад өртөж үзсэн хүн л намайг ойлгох байх.

Зовлон үзсэн хүн бусдын зовлонг ойлгодог гэсэн үг байдаг. Тэр их хэл ам үнэхээр хүнд байсан ч түүнээс зугтах шалтгаан надад байгаагүй. Хэний ч өмнө нүүр бардам, ямар ч зүйлийг чин сэтгэлээсээ хамгийн сайнаар хийх гэж хичээж, зөв амьдарч ирсэн учраас шүү дээ. Одоо эргээд бодоход, жилийн өмнөх тэр үе миний амьдралын хамгийн том хичээл болжээ.

Хүмүүсийн хэн нь хэн бэ гэдгийг таньж мэдсэн, ямар ч хэцүү үед өөрийн үнэт зүйлсээ хадгалж чадсан, тэр их зохион байгуулалттай хэл ам, гүтгэлэг, доромжлолыг давж гарч, дархлаатай болсон.

Биеийн шарх эдгэдэг ч сэтгэлийн шарх эдгэрдэггүй гэсэн үг байдаг. Саяхан манай нэг багш надад нэг гоё үг хэлсэн. Буддын сургаальд “Чулуугаар сарнайг цохиход сарнай гэмтэнэ. Гэхдээ үндэстэй учраас сарнай ургадаг. Чулуу бол чулуугаараа үлддэг. Чи сарнай шүү. Яагаад гэвэл муу зүйл эхэндээ сайн юмыг дийлдэг юм. Сайн зүйл цагийн уртад тодордог” гэж энэ үг намайг их зоригжуулсан.

-Чухам яагаад гэнэт л мүүнчин гэж цоллоод, тан руу довтлоод эхэлсэн юм бол?

-Мэдэхгүй л дээ. “Гол дүр нь чи байгаагүй” гэж өнгөрсөн намар сэтгүүлч Л.Мөнхбаясгалан нүүр номдоо бичсэн байна лээ. Тийм ч байх л даа. Монголд аливаа улс төрийн золиос нь дандаа эмэгтэйчүүд болоод өнгөрдөг. Ард нь эрчүүд зүгээр үлддэг. Одоо ч гэсэн улс төрд өрнөж буй хэрүүлийн золиос нь эмэгтэйчүүд байна. Харамсалтай нь, энэ бол Монголын улс төрийн гэм биш зан болжээ. “Соён гэгээрсэн ард түмнийг удирдахад хялбар, соён гэгээрээгүй ард түмнийг дарлахад хялбар” гэж нэг үг байдаг. Элдэв цуу, хар муу мэдээгээр олон нийтийн тархийг угааж байгаад харамсч л байна.

-Тэгэхээр та өөрийгөө улс төрийн золиос болсон гэж үздэг юм уу?

-Надад бусадтай дайсагнах шаардлага байхгүй. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байхдаа боловсролын салбарын чанарын шинэчлэлийг гардан хэрэгжүүлсэн маань бусдын дургүйцлийг төрүүлээгүй бол надад өширхөөд байх хүн байхгүй л гэж боддог.

-Таныг Дэлхийн энхтайвны төлөөх нэртэй байгууллагад ажиллаж байсныг батлах хүмүүс байдаг?

-Монгол Улсад албан ёсны зөвшөөрөлтэй Дэлхийн энхтайвны төлөөх холбоо, хөдөлгөөнд ажиллаж байсан. Өмнө нь ч би энэ асуултад тодорхой хариулсан. Энэ байгууллагатай холбогдсон хүн бүхэн мүүний шашинтан, буруу номтон болж байгаа нь маш том туйлшрал.

Хэн нэгнийг хийж бүтээснээр нь биш ямар нэгэн зүйлтэй холбон харлуулах гэж оролдсоор байтал энэ Монгол Улсад чинь бүтэн нэртэй, бүлээн зүстэй хүн үлдсэнгүй.

Энэ байгууллагатай холбогдсон гол шалтгаан бол хүүхэд, залуучуудын ёс суртахуун, гэр бүлийн ариун үнэнч байдал, зөв нийгмийн үндэс нь бат бэх гэр бүл гэсэн үнэт зүйл миний үзэл бодолтой нэг байсан. Яг энэ зүйлийг дэмждэг маш олон залуучууд, нийгмийн зүтгэлтэн хүмүүс хамтарч нийгмийн сайн сайхны төлөө олон чиглэлээр ажиллаж байсан. Би ч энэ чиглэлээр ном бичиж, лекц уншдаг байсан.

Энэ байгууллагын шашны үйл ажиллагаа Монголд явуулахын эсрэг хүмүүсийн нэг нь би байсан гэдгийг харин ч тэр “Мүүн ажиллагаа” гэдэг нэвтрүүлэг дээр тодорхой гаргасан байна лээ.

-Ингэхэд Э.Цэрэн та хоёрын шүүх, цагдаагийн асуудал юу болсон бэ?

-Өнгөрсөн онд намайг арван үндэслэлээр АТГ, ТЕГ-аар шалгуулна гэж тэр хүн олон нийтэд айдас төрүүлэм их л сүртэй юм ярьж байсныг та санаж байгаа байх. Энэ сүржин мэдээлэл гүтгэлэг байсан гэдгийг олон нийт одоо ойлгож авсан болов уу. Тухайн үед хөтөлбөр, сурах бичиг боловсруулсан эрдэмтэд маань хэвлэлийн хурал хийж тэр хүний ярьсан бүхэн ор үндэсгүй гэж няцааж байсан. Гэсэн хэдий ч тэр хүн хүсэлт гаргасан учраас холбогдох байгууллага нь шалгасан. Хэрэг хийгээгүй байж шалгаж мөрдүүлэх хэцүү ч гэлээ нөгөө талаар “Гэм буруугүй” гэсэн дүн нь намайг хэн бэ гэдгийг бусдад харуулсан байх. Өнгөрсөн оны гуравдугаар сард миний нэр төрд халдсан гэсэн үндэслэлээр би шүүхэд хандсан. Одоо хүртэл шүүх хурал янз бүрийн шалтгаанаар хойшилсоор л байна.

-Саяхан Э.Цэрэн хэвлэлд ярилцлага өгсөн байна лээ Уншсан уу?

-Уншаагүй. Элдэв янзын хэрүүл шуугиан, хов живэнд зарцуулах зав, цаг надад алга. Хийх зүйл, зорьж буй ажил их байна. Тэр хүнд намайг муулах ямар нэгэн зорилго байгаа бол түүнийхээ төлөө явж л байг. Тэглээ гээд цаг хугацаа бүгдийг шүүж өгдөг. Хорвоогийн хамгийн шударга шүүгч бол цаг хугацаа байдаг. Намайг муулж байгаа хэн нэгэнд биш надад хайртай бүхэнд цаг зав гаргахыг хүсч байна.

-Ингэхэд Б.Насанбаяр хаана, юу хийж байгаа бол гэж олон хүн сонирхож байж магадгүй. Та ажлаа өгнө гэж мэдэгдсэнээс хойш юу хийв?

-УИХ-ын сонгуулийн дараа яамны газрын даргаасаа албан ёсоор чөлөөлөгдөөд, МУБИС-ийн Зайны сургалтын төвийн эрхлэгчээр томилогдоод ажиллаж байна.

-Өнгөрсөн дөрвөн жил Монголын боловсролын салбарт маш том шинэчлэл хийгдсэн. Та тэр шинэчлэлийг гардаж хэрэгжүүлсэн хүний нэг. Өнөөдөр та нарын эхлүүлсэн шинэчлэл хэр явагдаж байна?

-2012-2016 оны хооронд Монголын боловсролын салбар хэр их шинэчлэгдсэн бэ гэдгийг манай салбарынхан хэлэх байх. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлж болох юм байна гэж багш нар маань итгэл үнэмшилтэй болсон. Хэдийгээр “Зөв монгол хүүхэд”, “Хүүхэд нэг бүрийн хөгжил” гэсэн нэр нэршил нэг их яригдахгүй байгаа ч багш нарын өдөр тутмын ажил, үйлс хүүхэд нэг бүрээ хөгжүүлэхийн төлөө байгаа гэж найдаж байна. Манай зарим багш нар хааяа надтай холбогдох үедээ “хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх талаар дээрээс дэмжлэг өгөөд, урам зоригоор дэмжихгүй болохоор идэвх нь сулраад эрч хүчгүй болчихдог юм байна” гэж ярьж байсан.

-Эрүүл, мэнд боловсролын салбар бол бусдаас өвөрмөц салбарууд. Тэгэхээр боловсролын салбар гэдэг хэдэн сургууль, цэцэрлэгээс илүү олон мянган хүүхдийн, Монголын ирээдүйн хөгжлийн тухай ойлголт байх ёстой биз дээ?

-Боловсролын салбарыг өнгөрсөн дөрвөн жил улс үндэстний тусгаар тогтнол, хөгжлийн шийдэл нь хүний хөгжил, боловсролын чанар гэж харж хүүхэд бүрийн хөгжүүлэх чиглэлээр шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлсэн. Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсрол, Дээд боловсролын түвшинд арга зүй технологи, хөтөлбөр агуулга, бүтэц, хүний нөөц, орчин зэрэг бүхий л түвшинд цогцоор нь хөгжүүлэхийг зорьсон. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж чадаагүй нэг ажил бол бага ангийн болон цэцэрлэгийн багш нарын цалинг нэмэх асуудал байсан. Хөтөлбөр, тооцоо, үндэслэлийг нь хийсэн байсан ч харамсалтай нь өнгөрсөн жилийн хэл амнаас болоод миний хариуцсан ажил байсан учраас зогссон. Сургуулийн өмнөх болон бага ангийн багш нарын цалин бусдаасаа өндөр байдаг туршилга олон улсад түгээмэл. Цэцэрлэг болон бага ангид хүүхэд хэрхэн хөгжсөнөөс тухайн хүний насан туршийн амьдралын чанар хамаардаг. Хүнийг “хүн болоход” хамгийн үүрэгтэй гэдэг утгаараа тэдний цалин өндөр байвал сайн оюутнууд бага ангийн багш, цэцэрлэгийн багш болох өрсөлдөөн нэмэгдэнэ. Ингэснээр багшид тавих шаардлагыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Өнөөдөр цэцэрлэгийн багшаар ажиллаж байгаа 5000 орчим, бага ангийн багшаар ажиллаж буй 7000 гаруй хүний цалинг хоёр дахин нэмэхэд төсөт хүндрэл үүсэх хэдий ч шийдэж болохгүй асуудал биш. Ноос, ноолуур, мах, сүү, тариа ногоонд төрөөс зарцуулж байгаа мөнгөө боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийвэл урт хугацаанд үр ашигтай юм. Боловсролд зарцуулсан нэг доллар 13-15 дахин өсдөг гэж нотолсон Нобелийн шагналтай эдийн засагчийн судалгаа байдаг. Тэгэхээр Монгол Улс хөгжье гэвэл цэцэрлэгийн багш болон бага ангийн багш нарын цалинг өсгөх хэрэгтэй гэж боддог.

-Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байхдаа хамгийн их ажил хийсэн, хамгийн их хэл аманд өртсөн хүн бол таныг гэж салбарынхан нь хэлж байна лээ. Хүүхэд нэг бүрийн хөгжлөөс гадна Их дээд сургуулийн шинэчлэл дээр багагүй эсэргүүцэл, шүүмжлэл гарсан. Харамсалтай нь, энэ шинэчлэл буцаад хуучин байрандаа оччихлоо?

-Дээд боловсролын байгууллагад үүсээд байгаа асуудлын талаар би хэвлэлээс л мэдээлэл авч байна. МУИС-ийн захирлаар нь УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир, Удирдах зөвлөлийн даргаар нь Д.Лүндээжанцан нар ажиллаж байх үед оюутанд үзүүлэх нийтлэг үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх суурь төлбөр, оюутны сонгосон хичээлийн багц цагийн төлбөрийн хэмжээг салган баталсан байдаг. Гэтэл суурь хураамж гэдэг зүйл өнөөдөр гэнэт үүсчихсэн асуудал шиг улстөржүүлээд байх юм. Тэгэхээр би нэг зүйлийг хэлье. 2012 онд Ардчилсан нам засаг авахад их дээд сургуулиуд дээр асар олон асуудал байсан. Салбарын асуудлыг шийдэхийн тулд тэнд очсон гэдгээ ойлгох ёстой. Ер нь асуудал шийдэх гэж төрийн эрх мэдлийг авдаг болохоос асуудлыг ярих гэж төрийн эрхэнд гардаггүй байх л даа.

Их дээд сургуулиудыг улс төрөөс хараат бус байх хуулийг баталсан. Гэтэл төр өмчөө буцааж авлаа гээд өнгөрсөн дөрвөн жил хэрэгжүүлсэн шинэчлэлийг ухраагаад байранд нь тавьчихлаа. Одоо хүссэн, хүсээгүй Монголын сонгуулийн дөрвөн жилийн циклээр захирлууд нь солигддог, нөгөөдүүл нь хоноцын сэтгэлээр хандаад явдаг дүр зураг руугаа буцаад орчихлоо. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилд ШУТИС, АШУҮИС, МУИС, МУБИС, СУИС, ХААИС дээр хөтөлбөрийг чанаржуулах, номын сан барих, багш судлаачдын дэмжсэн, сургалт судалгааны орчин сайжруулах зэрэг чиглэлээр маш олон ажил хийсэн, эхлүүлсэн үр дүн нь хүний хөгжил болж улс оронд үр ашгаа өгнө гэж найдаж байна.

-Их дээд сургуулиудын сургалтын чанарын асуудал байна. Дипломтой худалдагч, зөөгч, хамгаалагч үйлдвэрлэж байна гэсэн гомдол шүүмжлэл гардаг?

-Их дээд сургуулиудыг сургалтын чанарыг сайжруулахын тулд нэгдүгээрт засаглалын хараат бус байдлыг бий болгох хэрэгтэй. Их дээд сургуулиудын санхүүжүүлтийг олон хэлбэртэй болгох, хөтөлбөрийг хөгжүүлэх хэрэгтэй. 2012 оноос хөтөлбөрийн чанарыг сайжруулахын тулд Азийн хөгжлийн банк болон Сингапурын Тэмасек сангийн дэмжлэгтэйгээр Массачутесийн технологийн институтээс санаачилсан CDIO стандартыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн. Их дээд сургуулийн багш нар хөтөлбөр өмчлөх, хичээл өмчлөх биш яаж оюутныг сайн хөгжүүлэх вэ гэдэг дээр хамтарч ажиллах нь чухал. Монгол бол өөрөө залуучуудын орон, хүн амынх нь 40 хувь нь суралцагчид байна. Тэгэхээр залуучуудын орон гэдэг маань ирээдүйд илүү боломжтой, боловсрол, шинжлэх ухаан хөгжих нөөц байна гэсэн үг.

-Таны одоо хийж байгаа ажил энэ шинэчлэлтэй чинь холбоотой юу?

-Зайны сургалтын төвийн ажил бол өнгөрсөн дөрвөн жил эхэлсэн байсан ажил. Манай их дээд сургуулийн багш нар маш сайн мэдлэг, туршлагатай. Харин сургалтын арга зүй, дидактикийн хувьд хамтарч ажиллах, харилцан суралцах шаардлага байдаг. Зайны сургалтын төв эхний ээлжинд Дорнод, Ховд, Завхан, Архангай аймгуудын багш нартай хамтарч ажиллана. Мөн төгсөлтийн дараах сургалтуудыг яаж онлайнаар өгч болох вэ гэдэг дээр оюутан багш нартай хамтран ажиллах зорилготой байгаа. Ер нь багш нарыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх л зорилготой төв байгаа юм.

-Таныг ном бичиж байгаа гэж сонссон?

-Тиймээ, боловсролын чиглэлээр ном гаргахаар төлөвлөж байна. Өнгөрсөн хугацаанд боловсролын чиглэлээр нилээд судалгааны ажил хийсэн. Тэр бүхнийг эмхэтгээд ном болгохоор ажиллаж байна. Мөн манай яамны 90 жилийн ой 2014 онд болж байсан. Тэр үед би баримтат киног хариуцаж хийж байсан юм. Тухайн үед Монголын Боловсролын үе үеийн сайд, дарга, багш нарын ярьж байсан маш үнэтэй түүх баримтуудаас ч бас номондоо оруулах зорилготой байна.

-Ярилцсанд баярлалаа

   Бид хоёрын яриа энэ хүрээд дууссан юм. Түүний хэлснээр “Биеийн шарх эдгэрдэг ч сэтгэлийн шарх эдгэрдэггүй” нь үнэн ч байж магадгүй. Ингээд нэрт яруу найрагч О.Дашбалбар агсны шүлгээр ярилцлагаа өндөрлөе. “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ”.

 Ж.НЯМСҮРЭН