Э.Бат-Үүл: УДШ-ийн шийдвэрийг зөрчих боломжгүй

2017 оны 3 сарын 20

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 380 гишүүн, мөн аймаг, нийслэлийн Ардчилсан намын дарга, гишүүдийг сонгох санал хураалт ирэх дөрөвдүгээр сарын 2-нд болно. Дотоод сонгуулийг өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ардчилсан намын дүрмээр зохион байгуулна. Энэ асуудалтай холбогдуулж, нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлээс дараах тодруулгыг хийлээ.

-Улсын Дээд шүүх Ардчилсан намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэж аваагүй учраас хуучин дүрмээр дотоод сонгууль зохион байгуулагдах боллоо. Шүүхийн шийдвэрийг та хэрхэн хүлээн авч байна вэ?

-Улсын Дээд шүүх Ардчилсан намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хүлээж аваагүй нөхцөлд хуучин дүрмээрээ ажиллана. Дээд шүүхийн шийдвэрийг зөрчөөд дотоод сонгууль явах боломжгүй. Сонгуульд оруулахыг хязгаарлахаас эхлээд эрх бий. Ер нь Дээд шүүхийн шийдвэрийг зөрчих эрх хэнд ч байхгүй. Хуучин дүрэм буюу одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа дүрмээр сунгаагаа явуулна. Ардчилсан нам сунгаа явуулж болно гээд заачихсан.

-Одоо үйлчилж байгаа дүрмээр, мөн Улс төрийн намын тухай хуульд зааснаар Үндэсний бодлогын хорооны гишүүдийг Их хурлаасаа байгуулах ёстой биш үү. Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийг Ардчилсан нам Их хурлаасаа сонгодог байсан. Одоо дотоод сонгуулийг УИХ-ын сонгуулийн зарчмаар зохион байгуулахаар дүрмээ ч, хуулиа ч зөрчихгүй юу?

-Дүрэмдээ бид сунгаа явуулж болно гэчихээд Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийг Их хурлаасаа байгуулна гээд заачихсан. Гэхдээ сунгаа явуулаад гарсан улсыг намын Их хуралд танилцуулаад явах боломж бий.

Г.ХОРОЛ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна