Хөөрхөн болгох хяналтгүй үйлчилгээ

PRP, каллогентэй утас арьсан дор суулгах, лазер, филлер, ботокс, эхэс тарилга зэрэг үйлчилгээг Монголын гоо сайхны эмнэлгүүд хийдэг болоод удаж байна. “Хямд, эрүүл аргаар залуужиж, “Үнсгэлжин” мэт толигор арьстай болохыг хүсвэл дэлхий алдартай оддын хэрэглэдэг сүүлийн үеийн эмчилгээний тарилга хийлгэхийг зөвлөж байна” гэсэн гоо сайхны эмнэлгийн зар, сурталчилгааг уншигч та олонтаа харж, сонссон байх. Гэхдээ эдгээр тарилга хүний биед сөрөг нөлөөтэй эсэх, цаашдлаад эрүүл мэндэд ямар ноцтой үр дагавар учруулж болзошгүй тухай анхааруулсан эмнэлгүүд харин цөөн байлаа. Ихэнх нь хүний эрүүл мэндэд ямар ч хорт нөлөөгүй гэдгийг ахин дахин дурдаж байв.

Гоо сайхны тарилгын талаар, Монголд энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээ хэрхэн явагддаг тухай сурвалжиллаа.

МОНГОЛД АЯЛАХААР ИРСЭН БНСУ-ЫН ИРГЭН ГОО САЙХНЫ ГАЗАР ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛУУЛЖ БАЙЖЭЭ

“Хан-Уул дүүрэгт БНСУ-ын иргэн зөвшөөрөлгүй гоо сайхны газар ажиллуулж байна” гэсэн иргэний гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2017 оны гуравдугаар сарын 12-ны өдөр шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоосон байна.

Тус гоо сайхны газар нь үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүйн дээр Монгол Улсад бүртгэлгүй "miracle”, “kabellien” зэрэг эмийг ашиглан, эмчилгээний гоо заслын үйлчилгээ үзүүлж байжээ. 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Б.Байгалмаа энэ талаар “Манай байгууллага иргэний гомдлын дагуу 2017 оны гуравдугаар сарын 12-ны өдөр төлөвлөгөөт бус шалгалт хийсэн. Шалгалтаар Хан-Уул дүүрэгт БНСУ-ын иргэн гоо сайхны тусгай зөвшөөрөлгүй, Монгол Улсад бүртгэлгүй эмээр эмчилгээний гоо сайхны үйлчилгээ үзүүлж байсныг тогтоосон. Гоо сайхны газрын эзэн Чоо Гангмен гэгч нь Монголд аялж, жуулчлах шугамаар ирсэн юм билээ. Тиймээс тэдний гоо сайхны газрын үйл ажиллагааг зогсоож, холбогдох нэр төрлийн эмүүдийг хурааж, устгасан” гэлээ.

 “PRP ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХ ЭРХИЙГ ХЯМД ЗАРНА”

“Өмнөд Солонгосын гоо сайхны “Синделла” тарилга зарна. Арван удаагийнх нь нэг курс болдог. Нэг курс нь 500 мянган төгрөгийн үнэтэй” гэх зар цахим орчинд цөөнгүй тааралддаг.

Ийм нэгэн зарын дагуу 9923.... утас руу залгалаа. Залуухан бүсгүй харилцуураа авав. Тэрбээр “Синделла” тарилгын нэг курс нь 500 мянган төгрөгийн үнэтэй. Тарилга дээр үйлдвэрлэсэн огноо нь байгаа тул эргэлзэх зүйлгүй. Намайг Өмнөд Солонгост байхад нэг танил маань захисан юм. Тэгсэн нэгийг нь авч чадахгүй болчихлоо, мөнгөний бололцоогүй учраас зарж байгаа юм. Надад олон тарилга байхгүй. Олноор нь оруулж ирдэг албан ёсны компаниуд байдаг гэсэн. Зөвшөөрөл авч оруулж ирдэг байх. Би ганц курс тарилга зарах гэсэн юм. Яг авна гэвэл 450 мянган төгрөгт зарж болно. Уг нь өөр нэг эмэгтэй над руу утасдаж, ирэх долоо хоног авъя гэж захисан байгаа л даа” гэж ярилаа.

 

Интернэтэд тавигдсан өөр нэгэн зар дээр “Ботокс, фидер, синделла, PRP зэрэг эмчилгээ хийлгэх эрх зарна” гэжээ.

Энэ зарын дагуу холбогдоход, “Надад гоо сайхны эмнэлэгт эмчилгээний тарилга хийлгэх 100 мянган төгрөгийн бэлгийн карт байгаа. Үүнээс багц эмчилгээг нь сонговол бэлгийн картаа хямдруулж зарна. Жишээ нь, эмчилгээний 100 мянган төгрөгийн эрхийг 60-70 мянган төгрөг, 200 мянган төгрөгийг 150 мянган төгрөг болгон хямдруулж болно. Бэлгийн картаа барьж очоод, 25 дугаар эмийн сангийн ойролцоох гоо сайхны эмнэлэгт үйлчлүүлнэ. Энэ бэлгийн карт зөвхөн тэр эмнэлэгт л үйлчлүүлэх боломжтой” гэдгийг утасны цаанаас нэгэн бүсгүй идэвхтэй тайлбарлаж өглөө. 

Монгол Улсын эмийн зах зээлд зарж, борлуулж буй эмүүд бүгд албан ёсны эрхтэй, бүртгэлтэй байх ёстой. Тиймээс ч гоо сайхны үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд албан ёсны эрхтэй газраас эм, тариа, бусад бүтээгдэхүүнийг авч, үйлчилгээндээ ашиглах үүрэгтэй. Гэтэл энэ мэтчилэн гоо сайхны эм тариа гараас гарт дамжин, ямар ч хяналтгүйгээр олон эмэгтэйчүүдэд үйлчлүүлэх сэдэл төрүүлсээр байна. 

Гоо сайхны эмчилгээнд түлхүү хэрэглэгддэг “Синделла” гэх тариа нь судаст дуслаар хийдэг бөгөөд гурван төрлийн тарилгатай. Нэг курс нь 80-150 мянган төгрөгийн үнэтэй байдаг аж. Харин “Ботокс” тарилга нь бактериас гаргаж авсан уураг ба үрчлээ үүсгэж буй булчинг суллаж, үрчлээг багасгаж, арьс тэнийлгэдэг үйлчилгээтэй. Энэ хоёр тариаг эмэгтэйчүүд арьсаа сайхан болгох гэж ихэвчлэн хэрэглэдэг байна. Энэхүү уураг нь биеэс дунджаар зургаан сарын хугацаанд ялгарч гардаг гэдгийг эмч нар хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нүүрэн дэх үрчлээг зургаан сарын хугацаанд тэнийлгэнэ гэсэн үг. Энэ эмчилгээг байнга хийлгэдэг эмэгтэйчүүд таван сар болоод ирж үйлчлүүлдэг гэнэ. Тарилгыг бага, багаар хийх ёстой бөгөөд хэрэв тарилгын тунг хэтрүүлбэл нүүрний булчин бүр илүү суларч, зовхи унжих эрсдэлтэйг гоо сайхны эмч мэргэжилтнүүд сануулж байлаа. 

“Синделла” судас тарианы нэг удаагийн дусал үйлчилгээ 20-30 минут үргэлжилдэг аж. Нэг курс эмчилгээг хоёр сарын хугацаанд  хийдэг бөгөөд дөрвөн долоо хоногт 10 удаа хийсний дараа буюу хоёр дахь эмчилгээнээс үр дүн нь мэдэгддэг гэх ойлголтыг эмч нар эмэгтэйчүүдэд өгч байна.

Энэ мэтээр залуу, сайхан харагдах хүсэлтэй охид, бүсгүйчүүдийн халаасыг “сэгсрэх” гоо сайхны эмнэлгүүд борооны дараах мөөг шиг олширсныг ярьдаггүй ч бидний нүдэн дээр нэгэнтээ ил байсаар. Албан ёсны зөвшөөрөл, зүй ёсны үйл ажиллагааг стандартын дагуу явуулж буй эмнэлгүүдийг үгүйсгэх аргагүй ч бодит байдлаас огт өөр, хямд үнэ санал болгож байгаа гоо сайхны эмчилгээ, тарилга, үйлчилгээ эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд харшлахгүй гэх баталгаа алга байгаа нь дээрх зар, цуглуулсан баримтуудаас харагдаж байгаа юм. 

МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮДИЙГ ХУЙЛРУУЛЖ БУЙ “PRP” 

Сайн байна уу? ээжүүдээ би та бүхэндээ өөрт тохиолдсон явдлаа хуваалцъя гэж бодлоо. Би 10 сард нэг гоо сайхны газарт нүүрэндээ PRP эмчилгээг 150000₮ хийлгэсэн юм. Эмч нь давхар үйлчилгээтэй сайн гэж рекламдаад байхаар нь Синделла тарилга 90000₮ хийлгэсэн юм. Тэр үедээ үнэхээр сэтгэл хангалуун байсан ч PRP эмчилгээ хийлгэснээс хойш нүүр битүү улаан хавдартай долоо хоног явсан юм. Саяхан нэг эмнэлэгт очсон чинь би өмнөх гоо сайхны салонд монжуулсанаа мэдсэн. PRP эмчилгээг зориулалтын сийвэн ялгагчаар нь ялгуулаад, нано зүүгээр хийлгэхээр улайлт хавдалтгүй байдаг юм байна. Бас “Синделла” тариаг заавал гурван төрлөөр нь хийлгэдэг гэнэ. Харанхуй орчинд хийхгүй бол урвал явагддаг гэж байна. Харьцангуй гоё орчинтой, үнэ нь хамаагүй хямдхан байх юм. PRP 80000₮, “Синделла” 72250₮ Манайхан үнэтэй гээд сайн байдаггүй юм байна шүү. Элдэв үйлчилгээ хийлгэх гэж байгаа газраа сайн судлаарай гэж зөвлөе. Миний хувьд өчигдөр хийлгэсэн PRP маань өнөөдөр ямар ч улайлт хавдалтгүй NICE байна” хэмээн нэгэн эмэгтэй фэйсбүүк дэх эмэгтэйчүүд голдуу гишүүдтэй группэд нийтэлжээ.

Хөөрхөн болох хүүхнүүдийн хүсэл дээр хүмүүс хэдийнэ “бизнес” хийж эхэлжээ.

Гоо сайхны эмнэлгүүдийн санал болгож буй тарилгын эмчилгээ Монголд сүүлийн таван жилд багагүй хүрээгээ тэлжээ. Ихэнх эмнэлэг ботокс, филлер, PRP зэрэг тарилгыг үйлчлүүлэгчдэдээ санал болгож байна. Эдгээр тарилгаас ботокс болон филлер нь химийн бодис бөгөөд хөгширсөн, гэмтсэн арьсыг нөхөн төлжүүлдэг гэх. Харин хүнийг залуу харагдуулах хамгийн шилдэг арга нь PRP үйлчилгээ гэж гоо сайхны эмнэлгүүд рекламддаг болжээ.

PRP гэдэг нь Platelet Rich Plasma гэсэн үгийн товчлол бөгөөд тромбоцит эсээр баялаг сийвэн юм. Үүнийг олон улс оронд эмчилгээ болон гоо сайханд ашиглаад багагүй хугацаа өнгөрчээ. 

Энэхүү эмчилгээ нь эрүүл мэнд, гоо сайхны талаасаа хүлээн зөвшөөрөгдсөн арга хэдий ч тухайн гоо заслын эмнэлгийн хэрэглэж буй эмчилгээний нэг удаагийн хэрэгсэл, зүү тариур заавал чанарын шаардлага хангасан байх ёстой. Мөн ялтаст эсийн ялгаж авч байгаа тооноос эмчилгээний үр дүн хамаардаг тул эмчилгээний хэрэгсэл нэг удаагийнх биш чанарын шаардлага хангаагүй зэргээс болж халдвар авах эрсдэл өндөр учраас зайлшгүй мэргэжлийн эмч, байгууллагад хандах хэрэгтэй юм. 

PRP тарилга нь хүний өөрийнх нь цуснаас идэвхтэй эсүүдийг шүүн авч, арьсанд нь тарьж өгдөг үйлчилгээ юм. Хүний нүүрнээс гадна хуйх, гар хөл, хүзүүнд ч тарьж болдог. Арьсыг нөхөн төлжүүлэх, тэжээл өгч, хөгшрөлтийг бууруулж, арьс чангаруулж, цайруулах үйлчилгээтэй гэж энэ төрлийн үйлчилгээ эрхэлж буй гоо сайхны эмнэлгүүд тайлбарладаг. Хамгийн гол нь PRP үйлчилгээг зориулалтын бус газарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд, мэргэжлийн бус хүмүүс хийж байгаа нь АЮУЛ юм. Ийм газар олон байгааг олон нийтийн сүлжээн дэх зар, эмэгтэйчүүдийн хоорондоо солилцож буй мэдээллээс харж болно. Үүнийг нотлох нэг жишээ нь, үйлчилгээний үнэ харилцан адилгүй байгаа явдал. Дунджаар 300,000-1,000,000 төгрөгийн үнээр хийдэг энэ үйлчилгээг зарим газрууд зориулалтын бус газарт маш хямдаар буюу 60,000-100.000 төгрөгөөр хяналтгүй орчинд хийдэг болжээ. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт энэ талаарх гомдол ирдэг эсэхийг тодрууллаа.  “Манай байгууллагад гоо сайхны бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол бага ирдэг. Харин үйлчилгээний талаарх гомдол цөөн тоогоор ирдэг. Хамгийн сүүлд гоо сайхны салонд үсэндээ PRP эмчилгээ хийлгэсэн бүсгүйн үсний хими гарсан гэх гомдол ирсэн. Гомдлын дагуу тухайн салонд хандаж, хохирлыг нөхөн барагдуулсан” тус газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ц.Лхагвасүрэн ярив.

“Миракл гоо сайхны эмнэлгийн эмч Б.Цолмон

ГОО САЙХНЫ ЭМНЭЛГИЙН ЭМЧ Б.ЦОЛМОН: 

“Миракл" гоо сайхны эмнэлгийн эмч Б.Цолмонгоос бид PRP эмчилгээ, үйлчилгээний талаар тодруулж, дараах зөвлөгөөг авлаа.

"PRP эмчилгээг ихэвчлэн 20-иос дээш насныхан урьдчилан сэргийлэх зорилгоор хийлгэдэг. 30-аас дээш насныхан уг эмчилгээг хийлгэвэл илүү тохиромжтой. Гоо сайхны мэс засал, гоо заслын эмчилгээ хоорондоо ялгаатай ойлголт. Гэхдээ гоо сайхны мэс засалд орсны дараагаар эмчилгээний тарилгыг хавсарч хийлгэвэл илүү үр дүнтэй байдаг. Жишээ нь, арьсаа татуулах мэс засал хийлгэсний дараагаар арьсандаа тэжээл өгөх, хөгшрөлтийн явцыг удаашруулах зорилгоор гоо заслын эмчилгээ хийлгэж болно. Хамгийн гол нь гарч буй үр дүнгээсээ хамаардаг. Зарим хүмүүс энгийн PRP олон удаа хийлгээд, үр дүн муутай учраас “Smart PRP” эмчилгээг нь хийлгэе гэдэг. Тэрнээс биш энэ эмчилгээ таарч тохирсонгүй гэж хандаж байгаагүй. Гоо сайхны мэс засал ч, гоо заслын эмчилгээ аль аль нь хөгшрөлтийн эсрэг байдаг. Энэхүү эмчилгээг Монголд дунджаар 100-500 мянган төгрөгийн үнэтэй хийж байгаа. Хамгийн гол нь гоо сайхны тарилгыг мэргэжлийн эмчээр, мэргэжлийн орчинд хийлгэх ёстой” гэж “Миракл" гоо сайхны эмнэлгийн эмч Б.Цолмон зөвлөлөө.

ГОО САЙХНЫ ТАРИЛГА, ЭМИЙГ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭГЭЭР ДАМЖУУЛАН ХУДАЛДАЖ АВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Хоргүйжүүлэх, цайруулах, элэгний үйл ажиллагааг дэмжих антиоксидант үйлчилгээ бүхий “Глутатион”, өндөр тунт витамин С зэрэг тариаг иргэд фэйсбүүк хуудсыг ашиглан, хууль бусаар импортлон, худалдан борлуулж байгаа зөрчил илэрч байгаа тул тарилгыг хийлгэхдээ доорх мэдээллийг заавал шалгахыг Мэргэжлийн ерөнхий хяналтын газраас анхааруулж байгааг төгсгөлд нь хүргэе. 

  1. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээ /ЭМЯ –аас авсан/

  2. Гадна хайрцаг болон доторх савлагаа нь бүгд англи хэл дээр байгаа эсэх

  3. Хайрцаг дээр Монгол улсын эмийн бүртгэлийн дугаар байгаа эсэх.

Хууль бусаар худалдан борлуулж байгаа эм, тариа нь хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдсанаас чанарын шаардлага хангахгүй, эмийн үйлдлээ үзүүлэхгүй болохыг тус газраас сэрэмжлүүлж байна. 

А.ЦЭЭСҮРЭН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна