Уран бүтээлчдэд өгсөн орлого нэг тэрбумыг долларыг давсан

2017 оны 3 сарын 20

Дэлхийн хөгжмийн зах дээр томоохон компаниуд хууль бус үйлдлийг засах, оюуны өмчийн асуудалд анхаарч олон том дэвшлийг авчирч байна. Хөгжмийн эрх чөлөөг мэдрүүлэх цоо шинэ стрийминг үйлчилгээг нэврүүлж буй “Хуур мюзик” групп www.xyyp.mn сайтаа албан ёсоор нээгээд байгаа билээ.

Монголын хөгжмийн зах зээл дээр анхны гадаад болон дотоодын уран бүтээлчдийн дууг багтаасан “Хуур” апп танилцуулгаа хүргэж, хэрэглэгчдэд хүрч эхэллээ.

“Хуур”-ын санд хоёр сая дуу бий аж. Энэхүү үйлчилгээг авсан хэрэглэгч та хүссэн уран бүтээлчийнхээ дууг татаж авалгүйгээр онлайнаар сонсох боломжтой болохоос гадна “download” хийгээд интернет холболтгүй үедээ ч сонсож болох юм.

“Аpple music”, “Spotify” зэрэг гадны стрийминг үйлчилгээг ашигладаг байсан цаг ард хоцорсныг “Хуур”-д зочилсноор та мэдрэх болно. Хаанаас, ямар дуу сонсох гэж хайж явах хэрэггүй болсон бөгөөд харин бүгдийг халаасандаа хийгээд явах боломжтой болжээ.

Хэрэглэгч сард 5900 төгрөгөөр энэхүү үйлчилгээг авах бөгөөд орлогын 70 хувь нь уран бүтээлчдэд очих аж. “Хуур” хөгжмийн стриймингийн үйлчилгээг олон улсад нэвтрүүлж, үүгээр дамжуулан монголын уран бүтээлчдийг таниулах нь энэхүү үйлчилгээний нэг ач холбогдол юм. Өдгөө Монголын хөгжмийн зах зээл томоохон өөрчлөлтийг хийж байгаа “Хуур мюзик” групп дэлхийн зах зээл дээр хэдийн байр сууриа олсон “Wagner Music” группттэй хамтран ажиллаж байна.

Дэлхийн хөгжмийн зах зээлийн эргэлдэж буй нийт орлогын тодорхой хувийг эзэмшдэг “Wagner Music” группийн Дижитал хэлтсийн захирал Вероника Лавроватай ярилцсанаа хүргэж байна. Оросын иргэн тэрбээр дэлхийн хөгжмийн салбарт ажиллаад арван жил болжээ. Вероника Лаврова сүүлийн гурван жил “Wagner Music” группт харьяалагдан ажиллаж байгаа аж.
 

ДЭЛХИЙН ХӨГЖМИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР “SONY MUSIC”, “WARNER MUSIC”, “UNIVERSAL MUSIC” ГЭСЭН ГУРВАН ТОМ КОМПАНИ АЖИЛЛАЖ БАЙНА
 

“Wagner Music” группийн Дижитал хэлтсийн захирал Вероника Лаврова

-Юуны өмнө Монголд ирсэн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Мэдээж надад сайхан байна. Монголын хөгжмийн зах зээлд хамтран ажиллах болсондоо баяртай байна. Эндээс олон сайхан зүйлийг харлаа. “Хуур мюзик” групптэй хамтран ажиллахаар болж байна.

-“Wagner Music” группийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юу?

-Өнөөдөр дэлхийн хөгжмийн зах зээл дээр “Sony Music”, “Warner Music”, “Universal Music” гэсэн гурван том компани ажиллаж байна. Эдгээр компаниуд энэ салбарт эргэлдэж буй нийт орлогын дийлэнх хувийг эзэмшдэг. Бид гурван зүйл дээр маш сайн анхааран ажилладаг. Эхлээд үр дүнтэй контент байх ёстой. Уран бүтээлчдэд хангах хангамжийг дээд зэргээр гаргахыг хичээдэг. 2016 онд “Warner Music”-ээс уран бүтээлчдэд өгсөн хөрөнгө оруулалт нэг тэрбум ам.долларыг давсан байгаа. Хоёрт хууль ёсны бус байсан зүйлийг хуулийн дагуу шийдэхэд анхаарч ажилласан. Контентоо албан ёсоор өгөх энэ алхмыг хэрэгжүүлсэн. Гуравт шинэ үйлчилгээг нэвтрүүлж, дэлхийн хөгжмийн ертөнцийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байна. Бусад байгууллагуудтай туршлага хуваалцаж, нээлттэй ажиллаж байгаа нь гол үр дүн юм.

2016 ОНД “WARNER MUSIC”-ЭЭС УРАН БҮТЭЭЛЧДЭД ӨГСӨН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫГ ДАВСАН БАЙГАА

-Таны хувьд дэлхийн хөгжмийн салбарт ажиллаад арваад жил болжээ. Энэ салбарт ажиллахад бэрхшээлтэй зүйл хэр тохиолдож байсан бэ?

-Би “Warner Music” группт орохоос өмнө өөр компанид ажиллаж байсан. Гурван жилийн өмнө “Warner Music”-г эзэмшигч компани солигдож, би тэнд ажиллахаар болсон юм. Дэлхийн хөгжмийн зах зээлд ажлаад арваад жил болж байгаа ч цаашид сайжруулах зүйл их байна. Мэдээж өнөөдөр хэрэгжүүлэхэд хэцүү байгаа хууль бус асуудлыг хянах, тэмцэх явдал хамгийн чухал юм. Тэгэхээр энэ салбарт ажиллахад хэцүү зүйл их байгаа ч бид хуулийн дагуу байх ёстой.

-Хөгжмийн салбарт яагаад ажиллахыг зорив?

-Мэдээж энэ салбараас авч буй хамгийн том таашаал бол юу ч байхгүй зүйлээс юм бүтээх нь сайхан байдаг. Түншүүдтэй хамтран ажиллаж, том ажлын ард гарах нь бидний үр дүн юм. Үүний цаана уран бүтээлчид байгаа учраас хэрэглэгчдэд чанартай, үр дүнтэй бүтээгдэхүүнийг өгөх ёстой. Шинэ санаа, шинэ технологийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар нэгдсэн залуусын эрч хүчийг харах сайхан байдаг.

-Таны хувьд чөлөөт цагийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Цанаар гулгах, волейбол тоглох дуртай. Гэхдээ одоо хүүхдүүд бага байгаа учраас чөлөөт цаг гарахаар тэдэнтэйгээ л хамт байдаг.

Ч.БОЛОРЧУЛУУН

Гэрэл зургийг Ц.ЭНХБАТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна