Ж.Эрдэнэбат: Төр бүсээ чангална

2017 оны 3 сарын 20

Сэтгүүлч:
Г.Дарь

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр /2017.03.20/ төрийн албан хаагчидтай уулзалт хийх үеэрээ “Төр бүсээ чангалах болно” гэж мэдэгдлээ.

Энэ нь эдийн засгийн хямралтай холбоотойгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд хийх зайлшгүй ажил болохыг цохон тэмдэглэлээ.

Мэргэжлийн Засгийн газар байгуулагдан ажилласнаас хойш долоон сар гаруй, Ерөнхий сайд ажлаа авснаас хойш найман сар орчмын хугацаа өнгөрч байна. 

Энэ хугацаанд Мэргэжлийн Засгийн газар өмнөх бодлогын алдааг засах чиглэлээр ажилласан байна. Монгол Улс сүүлийн дөрвөн жилд таван төсөвтэй явж ирсэн. Үүнээс болж, төсвийн сахилга бат хариуцлага алдагдсан. Төсвийн алдагдал нь маш өндөр байгааг олон орон тааруухан жишээ болгож ярьдаг байсан. Ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварын мөнгийг үр ашиггүй, хяналтгүй зарцуулж ирсэн. Тухайлбал, Хөвсгөл аймагт 15 км авто замыг 7 тэрбумаар барьж, ашиглалтад оруулсан байхад Архангай аймагт 21 тэрбумаар байгуулсан байх жишээтэй. Увс аймагт 7 тэрбумаар далан барьсан зэрэг хайр найргүй хандсан жишээ олныг татаж болох аж.

Иймээс Мэргэжлийн Засгийн газар төсвийн сахилга бат, хариуцлага алдагдсаныг  таслан зогсоож, нэг төсөвтэй болгосон байна. Ингэхдээ төсөвт хэмнэлт хийх, үндэсний үйлдвэрээ дэмжих чиглэлээр тодорхой бодлого дэвшүүлж, ажиллажээ.

Үр дүнд нь 2016 оны төсвийн орлого 500 тэрбумаар давж биелэсэн. Гадаад худалдааны алдагдал багассан. Валютын нөөц нэмэгдсэн байна.

Монгол Улс 2017 оны гуравдугаар сарын 21-нд төлөх 580 сая ам.долларын өрөө төлж чадах уу, эсвэл дампуурлаа зарлах уу гэдгийг улс орнууд анхааралтай ажиглаж байсан. Засгийн газар тодорхой арга хэмжээ авч ажилласнаар 580 сая ам.долларыг цаг тухайд нь төлж байгаа. Төлбөрийг бүрэн шилжүүлжээ. Хөрөнгө оруулагчдын дунд итгэлийн гэрэл ассан байна.  

Удахгүй Хятадын “Чалько” компанид төлөх өрийг 100 хувь бүрэн барагдуулна. Ингэснээр Зүүн цанхиас олох орлого Монголын ард түмний мэдэлд бүрэн ирэх аж.

Тавантолгойн ордын нүүрсийг нэг тонныг нь 27 ам.доллараар зарж байсныг үнийг өсгөхийн тулд нээлттэй тендэр зарласан. Үр дүнд нь нүүрсний үнэ өсөж, нэг тонн нүүрс 71.5 ам.доллараар зарагдах болжээ.

Анх ажил авахад Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг авто машинтай зүйрлэвэл шар гэрэл нь ассан байсан бол одоо унтарсан. Гэхдээ нөхцөл байдал амаргүй байгаа. Эдийн засгийг сэргээхийн тулд төр бүсээ чангална. Төрийн албаныхан хэмнэлт хийхээс төрийн зардлыг хумина гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.

Монгол Улсад 80 гаруй төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани байна. Ашигтай ажилладаг нь тун цөөн.

Мэргэжлийн Засгийн газар байгуулагдсан даруйдаа эдгээрт шат дараатай арга хэмжээ авч ажиллажээ.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорын хэлж буйгаар төрийн өмчит компани, төрийн өмчийн оролцоотой компаниудын өрийг барагдуулах, ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой бодлого барьж ажиллажээ.

Тухайлбал, төрийн өмчит компани, төрийн өмчийн оролцоотой компанийн захирал, удирдлагын цалинг 2-5 дахин бууруулснаар 1 тэрбум төгрөгийн хэмнэлт хийж чаджээ.

Тансаг хэрэглээг хумьснаар 32.7 тэрбум төгрөгийн хэмнэлт мөн гаргасан.

Компаниудын ногдол ашиг 85.7 сая байсан бол 4.2 тэрбум болж өсчээ.

Өнгөрсөн дөрвөн жилд төрийн өмчит компани, төрийн оролцоотой компаниудын өр 10.8 их наяд хүрэхэд олон зүйл шалтгаалсан гэдгийг онцолж байна. Тэр дундаа Төрийн өмчийн хороог татан буулгасан нь хариуцлагагүй алхам болсон гэдгийг цохон тэмдэглэлээ.

Мөн компани нь ашиггүй ажиллаж , алдагдал нь ихсээд байхад Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд хариуцлага тооцдоггүй явж ирсэн буруу жишгийг халжээ. Энэ тохиолдолд компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд  хариуцлага тооцох юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна