Германы курдууд Эрдоганыг эсэргүүцэн жагсав

2017 оны 3 сарын 20

Германы Майн дахь Франкфурт хотод 30 мянга гаруй курд иргэн өчигдөр /2017.03.19/ Туркийн Ерөнхийлөгч Эрдоганыг эсэргүүцэн жагслаа. Турк улс ирэх дөрөвдүгээр сарын дундуур олон нийтийн санал асуулга явуулахаар зэхэж байгаа бөгөөд энэ санал асуулгаар Үндсэн хуулинд хийх өөрчлөлтийг иргэд нь дэмжих юм бол Туркийн Ерөнхийлөгчийн эрх мэдэл тэлэх юм.

Энэ жагсаалыг “Курдын ажилчны нам” хэмээх Турк төдийгүй Европын холбоо, АНУ-д террорист гэж үздэг байгууллага зохион байгуулсаныг Эрдоганы хэвлэлийн төлөөлөгч Ибрахим Калин сануулаад “Европын орнуудад дахин сануулахад дөрөвдүгээр сарын 16-нд турк үндэстэнүүд шийдвэр гаргана, харин Европ биш" хэмээн мэдэгдлээ.

Туркийн санал асуулгаас үүдэн Европын холбоо болон Туркийн хооронд асуудал үүсээд байгаа. Өнгөрсөн долоо хоногт Европын улс орнуудад амьдран суудаг турк иргэдэд зориулсан цуглаан зохион байгуулж, эдгээр цуглаанд Туркийн Засгийн газрын сайд нар очиж оролцохоор байсан ч зарим улс, тухайлбал, Нидерланд, Герман, Швейцар улсууд Туркийн сайдуудыг нутаг руугаа оруулаагүй юм.

Туркийн нутаг дэвсгэрээс гадна 5,5 сая турк иргэн амьдардаг бөгөөд эдгээр иргэд санал асуулгад оролцох учраас Туркийн эрх баригчид ихээхэн санаа тавьж байгаа.

Туркийн эрх баригчдын санал болгож байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч Засгийн газраа бүрдүүлэх, шүүгчдийг томилох, төсөв батлах эрхтэй болох юм.

А.ТУЛГА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна