Трамптай мөчөөрхсөн шүүгч тайлбар хэлэхээс татгалзав

2017 оны 3 сарын 20

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ гуравдугаар сарын 6-нд лалын шашинт орны иргэдийн АНУ руу зорчих эрхийг хязгаарласан шинэ зарлиг гаргасан. Өмнө нь гаргасан зарлигаар лалын шашинт иргэд давамгайлсан долоо улсын иргэдийн АНУ руу нэвтрэх эрхийг хязгаарласан байсан бол Иракийг хасч, зургаан орныг үлдээсэн юм.

Энэ зарлиг өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт /2017.03.16/ хүчин төгөлдөр болсон. Гэвч Хавай мужийн шүүгч Деррик Ватсон зарлиг хэрэгжихээс нэг өдрийн өмнө хориг тавьсан. Хориг тавьсан шалтгаанаа тайлбарлахаас шүүгч татгалзсан хэмээн Ассошиэйтед Пресс агентлаг өнөөдөр /2017.03.20/ мэдээллээ.

Ерөнхийлөгчийн байр суурийг хамгаалагч талын асуултад шүүгч “Үүнд ойлгомжгүй зүйл огт байхгүй” хэмээн хариулжээ.

Ерөнхийлөгчийн шинэ зарлиг шашны итгэл үнэмшлийг ялгаварласан өнгө аястай хэмээн үзэж, Хавай мужийн шүүгч хориг тавьсан.

Шүүгчийн үйлдлийг “эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан” хэмээн Дональд Трамп хэлээд зарлигаа хэрэгжүүлэхийн төлөө зүтгэнэ гэдгээ хориг гарсаны дараахан мэдэгдсэн.

Шинэ зарлигт өмнөхөөс зарим нэг өөрчлөлт оруулжээ. Өмнөх зарлигт Иран, Ирак, Йемен, Ливи, Сири, Сомали, Суданы иргэд хамрагдаж, хугацаа нь 90 хоног байсан юм. Харин шинэ зарлигт Иракийг хассан бөгөөд хугацааг 120 хоног болгожээ. Мөн Сирийн дүрвэгсдийг бүрмөсөн орохыг хориглоод байсныг цуцалсан байна.

Мөн АНУ-д байнга оршин суух Ногоон карттай хүмүүс хоригт хамрагдаж байсан бол шинэ шийдвэрээр эдгээр хүмүүс чөлөөтэй орж гарах юм. Мөн өмнөх зарлигт нэг дурдагдсан орны шашны цөөнхөд ивээнгүй хандаж, давуу байдал олгосон байснаа бас цуцалжээ. Нэр дурдагдсан улсын иргэн боловч христийн шүтлэгтэй бол АНУ руу орох эрхийг нээлттэй үлдээсэн байсан.

Цагаан ордны эх сурвалжийн мэдээлснээр Трампын эхний хориг гарсаны дараа Ирак улс АНУ-ын виз хүсэгчдэд тавих шаардлагаа чангаруулж, АНУ-ын холбогдох албатай хамтран ажиллаж, мэдээллээ солилцож байгаа учраас Ирак “өршөөгдсөн” ажээ.

А.ТУЛГА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна