Шүүгчдийн чансааг сайжруулж, олимпод бэлтгэнэ

2017 оны 3 сарын 20

-Монголын ширээний теннисний холбоонд одоогоор олон улсын найман шүүгч байгаа бөгөөд одоогоор олимпийн наадмыг шүүсэн шүүгч гараагүй байна-

Монголын ширээний теннисийн холбооноос энэ онд олон улсын хоёр тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулах билээ. Энэ хүрээнд шүүгчдийн чадварыг сайжруулах, тэднийг олон улсад ажиллахад түлхэц болох үүднээс Сингапур улсын мэргэжилтэнг урьж авчраад байна. Ширээний теннисний шүүгч нарт зориулсан онол, практикийн сургалт энэ сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Бид Монголын ширээний теннисний холбооны гадаад харилцаа хариуцсан Ч.Амарсанаатай энэ талаар ярилцлаа. Тэрбээр тус холбооны нарийн бичгийн даргаар олон жил ажилласан бөгөөд өдгөө гадаад харилцааг хариуцан ажиллаж байгаагаас гадна “Talk talk english” сургалтын төвийн захирлаар ажилладаг билээ.


-Монголын ширээний теннисний холбооны гадаад харилцаа өргөжөөд эхэллээ. Энэ удаагийн олон улсын сургалтын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өгөхгүй юу?

-2017 он Монголын ширээний теннисний холбооны хувьд олон ажлууд давхацсан жил болж байна. Эхний ээлжинд бид гадаад харилцаандаа илүү анхаарах үүднээс олон улсын мэргэжилтнүүд урьж авчирлаа. Олон улсын ширээний теннисний холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга Роналд Вий манай улсад хоёр долоо хоногийн турш байх юм.

Энэ хугацаанд шүүгчдэд зориулсан сургалт хийж, онолын мэдлэгийг практикт дүгнэхээр ажиллаж байна. Спорт өөрөө шударга өрсөлдөөн байдаг. Шударга өрсөлдөөнийг зохицуулдаг хүн бол шүүгч нар. Тиймээс бид шүүгч нараа чадваржуулж, цаашлаад олон улсад ажиллах гарцад түлхэц өгч байгаа юм. Үүний дагуу олон улсын теннисний холбоонд санал тавьсны дагуу Сингапур мэргэжилтэнг авчраад байна. Энэхүү сургалт дараа дараагийн олон улсын тэмцээнүүдэд үр дүнгээ өгөх юм.

-Улаанбаатар хотноо энэ жил ширээний теннисний олон улсын тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Ямар тэмцээнүүд болох вэ?

-Монголын ширээний теннисний холбоо энэ онд олон улсын хоёр том тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулна. Ирэх дөрөвдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд “Mongolian Cup” тэмцээн болох бөгөөд одоогоор зургаан орон оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна. Мөн зургадугаар сард Зүүн Өмнөд Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах юм. Энэхүү тэмцээнийг Азийн ширээний теннисний холбоотой хамтран хийхээр болж байгаа. Энэ мэтчилэн бидэнд оны эхний хагаст хоёр том тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Эдгээр тэмцээнээс дотоодын тамирчдын чансааг дүгнэх, мөн Азийн тамирчдаас туршлага судлах томоохон боломж нээгдэж байгаа юм.

-Монголын ширээний теннисний холбоонд хичнээн олон улсын шүүгч байдаг вэ? Энэ удаагийн сургалт шүүгчдэд ихээхэн боломж нээгдэж байгааг харуулж байна гэж ойлгож болох уу?

-Одоогоор манай холбоонд олон улсын найман шүүгч байна. Эдгээр шүүгчид Ази, Дэлхийн аваргын гээд томоохон тэмцээн уралдааныг шүүсэн. Гэхдээ тэдний дунд олимпийн наадмыг шүүсэн шүүгч байхгүй. Тиймээс энэ удаагийн сургалтын нэг зорилго бол шүүгчдийн чансааг ахиулахаас гадна олимпийн зэрэглэлийн шүүгч бэлтгэхэд анхаарч байгаа юм.

-Энэ долоо хоногт Монголын Үндэсний олимпийн хорооны чуулган болно. Таны хувьд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд нэрээ дэвшүүлжээ. Таны МҮОХ-д ажиллах давуу тал юу вэ?

-Спортын салбарынханы хамгийн их анхаарал татсан МҮОХ-ны чуулган энэ долоо хоногт болно. Миний хувьд Гүйцэтгэх зөвлөлд нэрээ дэвшүүлсэн. Би Монголын ширээний теннисний холбооны нарийн бичгийн даргаар олон ажил ажиллаж, өдгөө гадаад харилцаа хариуцан ажиллаж байна. Мөн “Talk Talk English” сургалтын төвөө удирдан явуулж байгаагийн хувьд энэ хугацаанд ихээхэн туршлага хуримтлуулжээ. Олимпийн хороог идэвхжүүлэх, тэр дундаа гадаад харилцааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана. Мөн спортын холбоодуудын генсек нарын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд томоохон дэмжлэгийг үзүүлж, таван жилийн дараа тодорхой үр дүнд хүрсэн байхаар ажиллах болно. Манай сургалтын төвтэй олон спортын холбоод хамтран ажиллаж, тамирчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд хамтын ажиллагааг өргөжүүлсэн. Цаашид бид спортын холбоодыг илүү их дэмжин, тэдэнтэй хамтран ажиллахад бэлэн байх болно. Англи сургууль төгсөж, англи хүмүүстэй ажилладаг хүний хувьд спортын салбарынхаа гадаад харилцааг цаашид хөгжүүлэхэд боловсролын хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна.

-“Talk Тalk English” сургалтын төвийн арван жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү түүхт ойн хүрээнд нийгэмд тустай ажлыг эхлүүлжээ. Энэ талаарх мэдээллийг өгөхгүй юу?

-10 гэдэг билэгдлийн тоо. Манай сургалтын төв байгуулагдаад арван жил болжээ. Эргээд харахад бид Монголын боловсролын салбарт оюуны хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Цаашид ч бидний хийхийг зорьсон их ажлууд байгаа. Энэ жил түүхт 10 жилийн ойг угтан 10 нийгэмд тустай ажлыг эхлүүллээ. Энэхүү ажлаа оны төгсгөлд дүгнэх юм. Эхний ажлаа нэгэн нэвтрүүлгээс санаа авлаа.

-Ямар нэвтрүүлгийг үзээд нийгэмд тустай ажил хийхээр болов?

-МҮОНТ-ийн I сувгаар гарсан “Нандин шоу” нэвтрүүлгийг гуравдугаар сарын 8-ны өдөр үзлээ. Уг нэвтрүүлэгт 35-аас доош насны таван залуу оролцож байна. Тэдний хамгийн бага нь дөрөв хүүхэдтэй байсан. Гэхдээ тэд энэ нийгмийн залуучуудын төлөөлөл болсон үлгэр жишээ гэр бүлүүдийн нэг байлаа. Тэдгээр залуугаар бахархаж байсан. 35 настай автобусны жолооч н.Баттулга гэдэг залуу найман хүүхэдтэй бөгөөд түүний эхнэр мөн үе тэнгийх аж. Эдний гэр бүл хүүхдийнхээ сонирхолын дагуу урлаг, уран сайхан, спорт гээд сонирхсон зүйлд нь их анхаардаг юм билээ. Тэгээд энэ айлын ачааг бага ч болов хөнгөлөх үүднээс том охиныг нь 100 хувийн тэтгэлэгтэй сургахаар болсон. Энэ бол “Talk Talk English” сургалтын төвийн 10 жилийн ойд зориулан хийж буй 10 ажлын эхнийх юм. Үүний дараа их, дээд сургуулиас сурах хүсэл эрмэлзэлтэй нэгэн оюутанг сонгох болно. Мөн Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран нэгэн иргэний англи хэлний мэдлэгийг сайжруулах, түүний амьдралд ихээхэн дэм болох боломжид туслах юм. Үүнээс гадна олон ажлыг хийх бөгөөд санал хүсэлтээ бас иргэдээс авна. Бизнесийн байгууллага нийгмийн нэг эс байдаг. Тиймээс нийгэмд чиглэсэн ажлыг идэвхжүүлж, хөрөнгө оруулалтыг хийж байх үүднээс энэхүү 10 ажлыг эхлүүлээд байна.

Ч.БОЛОРЧУЛУУН