Меркель, Абе нарын уулзалтын гол сэдэв чөлөөт худалдаа байлаа

2017 оны 3 сарын 20

Европын дөрвөн оронд хийх айлчлалаа Германаас эхлүүлсэн Японы Ерөнхий сайд Шинзо Абе Германы Канцлер хатагтай Ангела Меркельтэй албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалт Ханновер хотноо болсон бөгөөд энэ хотод өнөөдөр /2017.03.20/ нээгдэж байгаа Мэдээллийн технологийн олон улсын үзэсгэлэнг нээхээр Ангела Меркель ирсэн юм.

Шинзо Абе, Ангела Меркель нарын уулзалтын үндсэн сэдвийн нэг нь сүүлийн үед газар авах хандлагатай байгаа протекционизмын эсрэг байж, чөлөөт худалдаа, чөлөөт зах зээлийг хөгжүүлэх талаар байсан хэмээн хэвлэлүүд мэдээлж байна.

Япон улс болон Европын холбооны хооронд байгуулах Чөлөөт худалдааны хэлэлцээрийн асуудлаар шийдэлд хүрэх үйл явцыг хурдасгахыг Абе уриалсан байна.

Япон улс Германтай хамтаар чөлөөт худалдааг хөхиүлэн дэмжих сонирхолтой байна хэмээн Абе хэлжээ.

Мөн ардчиллын үнэт зүйлс болох иргэний эрх чөлөө, хүний эрхийг хангах чиглэлд хоёр улс хамтран ажиллах учиртайг онцолжээ.

Хатагтай Ангела Меркель мөн чөлөөт худалдаа, нээлттэй зах зээлийн чухлыг онцлон тэмдэглэжээ. Япон улс Европын холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах үйл явцыг түргэтгэхийг хүсч байгааг сайшаагаад, энэ чиглэлд Герман улс хүчин чармайлт гаргана гэв.

Уулзалтын үеэр мөн Хойд Солонгос, Сирийн асуудлыг хөндөн, дэлхий нийтийн аюулгүй байдлын талаар санал солилцсон байна.

А.ТУЛГА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна