С.Эрдэнэболд: Ардын нам ч шинэчлэл хийх ёстой

2017 оны 3 сарын 20

Нийслэлийн Ардчилсан намын сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр /2017.03.20/ үнэмлэхээ гардаж авлаа.

Нийт 45 тойрогт 189 нэр дэвшигч өрсөлдөж байна. Харин Нийслэлийн Ардчилсан намын даргад УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга нар өрсөлдөж буй.

Дээрх арга хэмжээний үеэр Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл “Ардчилсан нам гишүүдийн бас бодлогын нам байх ёстой. Гишүүд нь намынхаа бүрэлдэхүүнийг тодорхойлдог нам болох үйл явц бидний өмнөх сургамжаас үүдэлтэй. 2012-2016 онд нийслэлд Ардчилсан нам эрх барьж, хотдоо өөрчлөлт, бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Дөрвөн жилийн хугацаанд олон сургууль цэцэрлэг барьж ашиглалтад оруулсан. Бид их зүйлийг бүтээсэн. Өмнө нь Улаанбаатар хотыг удирдаж байсан Мөнхжаргал гуай нар бидэнд маш их баярлаж байгаагаа тэр үед хэлж, хотод бүтээн байгуулалт өрнүүлж байгаад талархаж байлаа. Ардчилсан нам зөвхөн нийслэлд төдийгүй орон нутагт ч бүтээн байгуулалт өрнүүлсэн. Харамсалтай нь, ялагдал хүлээсэн шалтгаан нь Ардчилсан нам гишүүдийн нам байж чадаагүй. Өрсөлдөгч маань залуучууд дээр тулгуурлаж байхад бид фракц дээрээ тулгуурлаж байсан. Энэ бол бидэнд том цохилт болсон. Тийм учраас алдаандаа дүгнэлт хийгээд гишүүдийн нам болъё, нээлттэй нам болъё гээд шинэчлэлийг хийж байна. Залуучууддаа, эмэгтэйчүүддээ буухиалж энэ намыг өгөх ёстой гэж үзээд шинэчлэлийг эхлүүлсэн. Шинэчлэл амжилттай явж байна” хэмээсэн юм.


Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж байгаа С.Эрдэнэболдоос байр суурийг нь сонирхлоо.

-Ардчилсан нам бодлогын нам болж өөрчлөгдөхийн тулд дотоод сонгууль хийж байна. Намын шинэчлэлийг хэрхэн харж байна вэ?

-Монгол Улс парламентын засаглалтай орон. Парламентат засаглалтай орны чухал зүйл бол парламентат ёсыг төлөвшүүлэх шаардлагатай.

Парламентат ёсыг төлөвшүүлэхийн тулд улс төрийн намууд нь төлөвшсөн, бодлого төлөвлөлттэй, оролцоотой байх ёстой. Шинэчлэл бол зөвхөн Ардчилсан намын тухай асуудал биш. Монголын бүх намуудын шинэчлэлийг юу гэж харж байна вэ гэхээр нэгдүгээрт, намын үзэл баримтлал тодорхой байх. Хоёрдугаарт, үндсэн дүрэм тодорхой байх. Гуравдугаарт хүний нөөцийн бодлого маш сайн байх ёстой.

Санхүүгийн хувьд нээлттэй ил тод, гишүүд нь сэлгэдэг оролцдог боломжоор хангагдах ёстой. Энэ тав намын шинэчлэлийн концепци.

Ардчилсан намын хувьд 2016 оны ялагдал нь маш том боломжийг олгож байгаа. Намын шинэчлэлийг ул суурьтай язгуураар нь хийх боломж олгож байгаа.

Нэгдүгээр сарын 28-нд Ардчилсан намын дарга анхан шатнаас сонгогдсоноос хойших дараагийн нэг шинэчлэлийн үйл явц нь бүх шатны намын дарга болон Үндэсний бодлогын хороо, намын анхан дунд шатны намын дарга нар болон гишүүд анхан шатнаасаа сонгогдож байгаа. Энэ бол маш том боломж.

Хоёрдугаарт, хүний нөөцийн шинэчлэл маань явсаар байгаад дөрвөн сарын 2-нд сонгууль дуусаад, Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид орон нутагт ажиллана. Тавдугаар сард Ардчилсан намын 8 дугаар их хурал зарлагдахад нэгдүгээрт хүний нөөцийн хувьд бүгд сонгуульдаа оролцчихсон байх болов уу.

Өөрөөр хэлбэл, тавдугаар сар гэхэд намын үзэл баримтлал, үндсэн дүрэм хоёр нэлээн ажиллагааг туулчихсан байна гэсэн үг. 2017 оны эхний хагас гэхэд Ардчилсан нам онолын хувьд, практикийн хувьд бүрэн шинэчлэгдэх боломжтой байгаа. Үүнийгээ цаашдаа бодлогын нам болж төлөвшүүлэхдээ хэрэгжүүлэлтээр хангах ёстой. Үндэсний бодлогын хороонд 380 суудлын төлөө 500 гаруй хүн өрсөлдөж байна. Мөн нийслэлийн Ардчилсан намын сунгаанд нэр дэвшиж байна. Ялсан нэр дэвшигчид нь бодлогын хороонд хуваагдана. Жишээ нь бидний хэдэн хуульчид байх юм бол нэг хороо. Эдийн засгийнхан эдийн засгийн хороо болох юм. Хуучин фракцаар, эрх ашгаар талцдаг байсан хүмүүс цэвэр мэргэжлийн салбараараа ангилагддаг болно. Тийм учраас энэ шинэчлэл цаашдаа мэргэшсэн парламент, мэргэшсэн Засгийн газар бий болоход урт хугацаандаа Монгол Улсад маш их хэрэгтэй.

Би судлаач хүний хувьд юу гэж үзэж байна вэ гэвэл, энэ шинэчлэлийг Улс төрийн намын тухай хуулиар баталгаажуулах ёстой. Улмаар Ардын нам болон бусад намууд энэ шинэчлэл рүү явах ёстой.

Нэг намын Их хурал, Бага хурал, Үндэсний зөвлөлдөх хороогоор асуудлыг шийддэг байсан бол анхан шатнаасаа гишүүдийн оролцоотойгоор шийддэг энэ боломжийг Монголын парламентаас шаардаж байгаа, улс төрийн зах зээл шаардаж байгаа.

Үүнийг 2020 он гэхэд улс төрийн намууд шийдэж чадах юм бол Монголын улс төрд бугшсан маш олон асуудлыг шийдэх боломжтой. Авлига хээл хахууль, танил тал гэх мэт маш олон асуудлыг шийдэж чадна.

Г.ДАРЬ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна