”Эмэгтэй тамирчин, дасгалжуулагч, спортын зүтгэлтний дуу хоолой болно”

2017 оны 3 сарын 30

-2020 оны олимпод багаараа оролцох төлөвлөгөө гаргасан-

Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын байт харвааны холбооны генсек Т.Амаржаргалтай цөөн хором ярилцлаа. Түүний хувьд МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлд багтсан гурав дахь эмэгтэй юм. Өмнө нь ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа, УИХ-ын гишүүн асан Д.Арвин нар эмэгтэйчүүдээ төлөөлөн гүйцэтгэх зөвлөлд байв.


-Таны хувьд гүйцэтгэлийн зөвлөлийн ганц эмэгтэй гишүүн боллоо. Бас МҮОХ-ны хорооны түүхэн дэх гурван эмэгтэйн нэг болох нь?

-Баярлалаа. Юун түрүүнд надад итгэл хүлээлгэж саналаа өгсөн гишүүддээ талархал илэрхийлье.

-Та юунаас ажлаа эхлэхээр төлөвлөж байна вэ?

-Бага залуу наснаасаа спортоор хичээллэсэн болоод ч тэр үү Монголын спортын хөгжилд бага ч болтугай өөрийн хувь нэмрээ оруулах бодолтой явдаг. Тэр утгаараа 2009 оноос байт харвааны холбооны генсекээр ажиллаж байна. Мэдээж юун түрүүнд Монголын үндэсний олимпийн хорооны зорилгыг биелүүлэхийн төлөө бие сэтгэл, оюун ухаанаа зориулна. Мөн цорын ганц эмэгтэй гишүүн болж сонгогдсоны давуу талаа ашиглах бодолтой байгаа. Олон улсын олимпийн хороонд Монголын спортын эмэгтэй тамирчин, төлөөлөл, дасгалжуулагчийн дуу хоолой нь болох зорилго тавьсан. Ер нь сүүлийн жилүүдэд манай эмэгтэйчүүдийн хичээллэх спортын төрөл нэмэгдлээ. Хүйсийн харьцаа, амжилт үзүүлж буй байдал нь ч ойролцоо болсон байна. Тиймээс эмэгтэй тамирчдын өмнө тулгамдаж буй асуудлыг судалж, түүнийг нь шийдвэрлэх зорилготой ажиллана. Товчхондоо бол өөрийн гол үүргээ эмэгтэйчүүдийн дуу хоолой болох гэж тодорхойлсон.

-МҮОХ-ны ээлжит хурлыг тойрсон маргаан тасраагүй байна. Ялангуяа Д.Загдсүрэн даргатай холбоотой гомдол их байгаа. Та уг асуудалд хэрхэн хандах бол?

-Аливаа нэг байгууллага ганцхан хүний бодлогоор үйл ажиллагаа явуулдаг байхаа болиод удаж байна. Зөвхөн спорт гэлтгүй аль ч салбарт адилхан. Эрх барих дээд байгууллага нь чуулган болсон тийм байгууллага эрх ашигт нийцүүлж ажиллана гэж хэзээ ч байхгүй. Миний хувьд анхны хуралдаандаа орж үзээд нэг л зүйлийг ажиглалаа. МҮОХ тайлан, төлөвлөгөө гэх мэт бүх асуудлаа гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа ярилцаж, шийдвэрлэдэг юм байна гэдгийг мэдэрсэн. Тайлан, төлөвлөгөөг гүйцэтгэх зөвлөл нь баталдаг. Ийм байхад нэг хүний эрх ашигт нийцүүлэх боломжгүй. Мэдээж Д.Загдсүрэн гэдэг хүн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Санал дэвшүүлж болно. Бусад гишүүн ч мөн ялгаагүй. Д.Загдсүрэн даргыг хувь хүнийх нь хувьд олимпийзмийн төлөө их зүйл хийсэн гэж боддог. Тэр талаас нь хүндэтгэлтэй ханддаг. Чуулганы хувьд нэгэнтээ ардчиллын зарчмаар чуулганд оролцсон төлөөлөгчдийн саналаар ерөнхийлөгчөө сонгосон. Хүмүүс тэр хүнд саналаа өгсөн нь итгэл үзүүлж байгаа нэг хэлбэр гэж ойлгож байна. Олонхийн саналаар шийдсэн асуудал хэн нэгэн дүгнэлт өгөх нь илүүц биз.

-Таны бодлоор бусад гишүүний яриад байгаа шиг үнэхээр хайрцаглагдсан сонгууль болсон уу?

-Үнэхээр хэлж мэдэхгүй юм. Үнэндээ хурал болохоос ганц, хоёр хоногийн өмнө надтай хэд хэдэн нэр дэвшигч утсаар холбогдож дэмжээрэй, туслаарай гэж хэлсэн. Гэхдээ би өөрийн үзэл бодлоор саналаа өгсөн. Хэнийг дэмжиж санал өгснөө хэлээд яах вэ.

-2012, 2016 оны олимпод манай байтын тамирчид чамгүй амжилт үзүүллээ. Тэгвэл 2020 оны олимпийг чиглэсэн ямар ажил төлөвлөв. Ялангуяа залуу тамирчдаа бэлтгэх тал дээр хэр анхаарал хандуулж байна вэ, танай холбоо?

-2010 оноос байт харвааны спорт манай улсад мэргэшсэн хэмжээнд бэлтгэгдэж байна. Тамирчдын маань амжилт ч ахисан. Олимп, дэлхийн аваргаас хараахан медаль авч чадаагүй байгаа ч Монголын тамирчныг олон улсынхан мэддэг болжээ. Тодорхой хэмжээнд үнэлүүлсэн гэсэн үг. Тэгвэл сүүлийн үед тамирчдаа залуужуулах, залгамж халаагаа бэлтгэхээр түлхүү ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор байт харвааны салбар хороо, спорт клубын тоо ч нэмэгдсэн. Тогтмол үйл ажиллагаатай спорт клуб л гэхэд найм боллоо. Хэнтий, Баян-Өлгий, Дархан-Уул, Төв, Орхон гэсэн таван аймагт салбараа байгууллаа. Удахгүй Ховд аймагт салбараа байгуулна. 2020 оны олимп болох гэж буйтай холбогдуулан шигшээ багийн бүрэлдэхүүнээ нэлээд залуужуулсан. Токиогийн олимпод багаараа оролцох зорилго тавьж ажиллаж байна.

-Байтын шигшээ багийг хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй байгуулав?

-Олон улсын хэмжээний мастер Гантөгс үндсэн шигшээд багтсан. Залуучуудын хоёр тамирчин бий. Үүнээс гадна залуучуудын шигшээ баг зургаан тамирчны орон тоотой байхаар баталсан. Тамирчдаа сонгон шалгаруулаад явж байна. Харин эмэгтэй шигшээ багийг одоогоор бариагүй.

-2017 онд байтынхан хэчнээн тэмцээнд оролцох бол. Ер нь жилд хэчнээн тэмцээнд оролцдог юм бэ?

-Дотооддоо бол 10 гаруй тэмцээн зохион байгуулдаг. Харин олон улсад аль болох олон тэмцээнд оролцуулахыг хичээдэг. Төсөв мөнгөний байдлаас шалтгаалаад оролцох тэмцээнээ сонгож байна даа. Гэхдээ энэ жил хөрөнгө мөнгөний асуудлаас болоод шигшээ багаас манай байт харваанд маш бага төсөв баталсан. Тиймээс 2017 оны хувьд дэлхийн аварга, Азийн аваргад л оролцох төлөвлөгөөтэй.

ЭХ СУРВАЛЖ: СПОРТЫН ШУУДАН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна