Р.Пүрэвдагва арслан та, уураа барь

2017 оны 4 сарын 10

Өнгөрсөн жилийн баяр наадамд үзүүрлэж, төрийн наадмын өндөр дээд цолонд хүрсэн ч уур, ухааны мунхагаа барьж дийлэхгүй яваа нь улсын арслан Р.Пүрэвдагвыг үнэхээр муухай харагдуулж байна.

Өчигдөр /2017.04.09/ болсон Сонгинохайрханы хишиг барилдаанд чансаа өндөр 128 бөхөөс тэрбээр үзүүр, түрүүнд шалгаран үлдэж, өвдөг шороодсон бөгөөд олны нүдэн дээр илтэд увайгүй зан гаргаж, үзэгчдийг бухимдуулав.

Түрүүлсэн улсын харцага Т.Баасанхүү үзүүр, түрүүний барилдааны дараа туг тойрч ирээд засуулуудын хамт зургаа даруулах гэтэл үзүүрлэсэндээ бухимдсан Р.Пүрэвдагва арслан уурандаа шатаж, дэлбэрэх нь үү гэлтэй, арай гэж туганд мөргөөд буруу харан алхав. Түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд тугны өмнө зураг татуулж, үзэгч, хэвлэл мэдээлэл, засуулууддаа хүндэтгэл үзүүлдэг нь бүх л барилдаанд байдаг тогтсон уламжлал.

Гэтэл хүмүүсээр хэлүүлэн байж арай гэж түрүүлсэн бөхийнхөө хажууд ирж зогссон эрхэм арслан индрийн зүг алхах үедээ биед нь хүрсэн хүмүүс рүү гараа шидэлж, их л уцаарлангуй харагдана лээ.

Залуу явахад хүн омголон байж болно. Тэр тусмаа тамирчин хүнд хор шар тодорхой хэмжээнд байх нь ч хэрэгтэй биз. Гэхдээ маргаангүйгээр өвдөг шороодож, ямар ч эргэлзээгүйгээр тахимаа өгчихөөд, олны өмнө өрсөлдөгч бөхөө, өөрийгөө ч эвгүй байдалд оруулах нь ямар ч хүнд зөв, сайхан харагдахгүй.

2012 онд болсон Ардчилсан хувьсгалын 23 жилийн барилдааны үеэр залуу начин Р.Пүрэвдагва, Б.Пүрэвсайхан нарын дунд зодоон болж, багагүй шуугиан дэгдэж байсан.

Үүний дараа Баянзүрх хайрханы хишиг барилдаан, Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойн барилдаануудын үеэр учраа бөхийнхээ шанаа болон ар шил рүү цохиж, олон нийтийн өмнө жудаггүй зан авир гаргасан хэмээн Р.Пүрэвдагвын барилдах эрхийг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж, бай мөрийг хурааж байсан удаатай.

Тэгэхэд Р.Пүрэвдагва арслан залуу ч байж, цол ч бага байж. Эр хүн нэг, хоёр удаа биеэ барьж дийлэхгүй, алдсан байж гэж бодъё. Гэтэл одоо бол тэр улсын баяр наадмын өнгөнд барилдаж яваа, энэ цаг үеийн үлгэр жишээ болох УЛСЫН АРСЛАН цолтой бөх.

Уг нь арслан Р.Пүрэвдагва уран барилдаан, гаргасан амжилтаараа МҮБХ-ноос гаргасан чансааг жилийн турш тэргүүлж байгаа, шилдэг бөх.

Гэхдээ өрсөлдөгч бөхдөө, үзэгч олондоо хүндэтгэлгүй ханддаг, ёс зүйгүй энэ байдлыг удаа дараа гаргаж байсан Р.Пүрэвдагва  арслан одоо хүртэл ухаажаагүй байгаа нь үзэгчдийн сэтгэлийг гонсойлгов бололтой

Б.ЭНХ

БИЧЛЭГ ҮЗЭХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна